Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг засна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг засна

“Оюутолгойн хөрөнгө оруулагчид хувьцаа гаргаж, Монголын төрийн эзэмшлийн 34 хувийг шахаж байна” гэсэн мэдээлэл өнгөрч буй долоо хоногийн гол дуулиан байлаа. Баахан хүлээлт үүсгэсэн “Оюутолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ -ийн хурал өндөрлөсний дараа Засгийн газраас яаравчлан мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд С.Батболдын хамгийн түрүүнд Засгийн газрын 34 хувь буураагүй, хэвээр байгаа гэдгийг хатуу мэдэгдэв. “Оюутолгой” давуу эрхийн хувьцаа гаргаснаар Засгийн газрын хувийг уусгаж, үнэгүйдүүлэх гэж байна гэсэн дуулиан дэгдээд байгаа учраас ингэж хатуу тодотгон хэлсэн байх.

Улстөрчдийн зүгээс Оюутолгойн гэрээг цуцалсан ч яах вэ гэсэн үгс сонсогдож байсан нь хөдөлшгүй хатуугаар баталлаа хэмээн гар, хөлөө барилцаж байсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь уу гэсэн ойлголт төрүүлсэн. Тэгвэл Засгийн газрынхан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зарим нэг өөрчлөлт оруулах талаар тохиролцож чадсан юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээг олон нийтээр хэлэлцүүлж, ил тодоор баталсан хэрнээ Хувь нийлүүлэгчдийн гэрээг нууцаар баталчихсан. Монголын талд алдагдалтай байж болох заалтууд дээр хаалт тавьж чадаагүй учраас хөрөнгө оруулагч тал давуу эрхийн хувьцаа гаргах зэргээр “санхүү”-гийн аргаар луйвардаж байна гэсэн хардлага гарсан. Хардлага ч оргүй биш байж. Ерөнхий сайдын хэлснээр бол өнгөрсөн гуравдугаар сард Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийх талаар үүрэг чиглэл өгч, өнгөрсөн наймдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар хоёр тал чамгүй сөргөлдөж, арванхоёрдугаар сарын 8-нд болох хурлаар эцэслэн шийдэх товтой байсан учир дуулиан улам ч хүчтэй дэгдсэн биз.

Анхаарал татсан энэ өдрийн хуралдаан өндөрлөнгүүт Засгийн газрын тэргүүн яаралтай мэдээлэл хийсэн нь айдаггүйгээ авдартаа хийсний илэрхийлэл гэж ч болохоор. Одоогоор хоёр тал дээр дурдсан өөрчлөлтүүдийг хийхээр ерөнхийдөө санал нэгдсэн.  Гэхдээ яг одоогоор гэрээнд өөрөчлөлт оруулаагүй байгаа, ирэх оны нэгдүгээр сард яриа хэлэлцээр үргэлжилнэ гэж байгаа юм.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд гол гурван зүйл дээр өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд:

-Хөрөнгө оруулалтын зардлын хүүг бууруулах: Үүнд Оюутолгойд орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалтын суурь хүү 9,9 дээр нь Америкийн хэрэглээний индекс 1,17 хувийг нэмээд нийт 11,7 хувь байсан. Үүнийг өөрчилж, суурь хүүг 6,5 болгож, нэмэлтийг  Лондонгийн банк хороон зээл буюу LIBOR-оор тогтооно. Одоогоор LIBOR 0,3 хувь орчим байгаа болохоор үндсэндээ хүү 6,8 хувь болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүг чамгүй бууруулж байгаа гэсэн үг. Монгол Улсын Засгийн газрын нэг асуудал нь өөрт оногдох 34 хувийн хөрөнгө оруулалтад мөнгө гаргалгүйгээр ирээдүйд буюу 2013 оноос орж ирэх орлогоос тооцохоор болсон. Энэ орлогоос хасч тооцоход дээрх хүү мөн суутгагдах учир хүү бууруулсан нь бас нэг гавьяа гэсэн үг. Басхүү гэрээний урьдчилгаа болгоод 220 сая ам.доллар авчихсаныг ч хэлэх үү.

Хоёрдугаарт: Санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа гаргахаас өөр санхүүжилтийн аргаар шийдвэрлэх. Үүнд давуу эрхийн хувьцаа гаргах бус энгийн зээлээр санхүүжилт хийх аргыг сонгох. Давуу эрхийн хувьцаа гаргах нь санхүүжилтийн бас нэг арга хэлбэр байдаг. Энэ нь энгийн хувьцааны хувьд нөлөөлөхгүй, саналыг эрхгүй ч тухайн компанийн өр төлбөр, хөрөнгийн өмнөөс хариуцлага хүлээхгүй ашиггүй ажилласан ч тодорхой тогтоосон хүүгээ авах гэх мэт давуу талтай учраас маргаан дэгдээх, нөгөө талаас иргэдийн хувьд энгийн хувьцаатай адилтган ойлгох эндүүрэл гарч байсан. Харин манай Засгийн газраас санхүүжилтийн өөр арга хэрэглэх шаардлага тавьсан нь амжилттай шийдэгдэж байгаа бололтой.

Гуравдугаарт: Хамгийн гол анхаарал татаж байсан асуудал нь “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хувьцаа /үүнд давуу эрхийн хувьцаа мөн адил/-гаа худалдах боломж олгосон. Үүнийг харин Оюутолгойн ордын хувьцааг гуравдагч талд худалдах тохиолдолд заавал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалт. Оюутолгой одоогоор 500 сая ам.долларын давуу эрхтэй хувьцаа гаргасан. Эдгээрийн дийлэнхийг Хятадын “Чанелко” худалдан авсан гэсэн мэдээлэл монголчуудын цөсийг хөөргөсөн. Хэдийгээр энэ нь саналын эрхтэй хувьцаа биш ч цаашид ямар ч тохиолдолд хувьцаа гуравдагч этгээдэд худалдахдаа Монголын Засгийн газрын зөвшөөрлийг авч байх ёстой болно гэсэн нь том өөрчлөлт болов уу. Хөрөнгө оруулагчид манай Засгийн газраас асуулгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаа заргах боломж олгосон байсан нь бас л “бөх зүрх”-тэй алдаа байгаа биз.

Ингээд ямар ч байсан монголчуудыг айлгаж, зарим талаар энгийн иргэд бидний хувьд тэр бүр ойлгомжгүй байсан асуултуудад эхний удаа Засгийн газар хариу хэллээ. Оюутолгой ч дээрх өөрчлөлтүүдийн ерөнхий утга санааг илэрхийлсэн тайлбарыг өөрийн вэб сайтдаа тавьсан байна лээ. Зарим улстөрчдийн уурыг барж, дахин яриа хэлэлцээртээ тулсан гэдэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээг хуудуутай, эерүү, зөөлнөөр хэлбэл бага зэргийн алдаатай хийсэн гэдгийг баталж байна. Гэхдээ алдаагаа залруулж чадаж байгаа бол баяр хүргэхээс өөр яах вэ дээ? Дахиад энэ мэт алдаа, маргаан дагуулахгүй байх болтугай.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж