”Анхаар, хямралтай…”

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

”Анхаар, хямралтай…”

Хаа сайгүй “дэгдээд” байсан хямрал гээч нь дуусчихсан юм болов уу. Эрх баригчид нь дуугаа хурааж, эдийн засагчид  нь чимээгүй болчихож.  Уг нь амтай хэлтэй болгон   хямралын тухай ярьж байсан санагдана. Харин өнөөдөр хэн ч энэ талаар сөхөхгүй байхыг бодоход хямралд “баяртай” гэж хэлсэн ч юм шиг. Гэвч эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг харахад ингэж хэлэх болоогүй байна.  Дотоодын нийт бүтээгдэхүүн нь гурван улирал дараалан өссөн хийгээд импортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд  нэмэгдсэнээр манай улсын эдийн засагт  “хямралыг хашраасан” гэж хэлэхэд арай эртэдсэн хэрэг болох биз. Дэлхийн зах зээлд алт зэс нүүрсний эрэлт хэрэгцээ их байгаа нь тус бараа бүтээгдэхүүний үнэд эергээр нөлөөлж  газрын баялаг ихтэй монголчуудад сайхан боломж өгч буй. Тэнгэр таалсан энэхүү боломжийг Монголын эрх баригчид хэр өгөөжтэйгөөр ашиглаж чадаж байгаагаас л хямрал төгсгөл болсон хэмээн дүгнэх хэрэгтэй болов уу.

2009 онд С.Баярын Засгийн газар хямралын эсрэг хамтдаа төлөвлөгөө боловсруулж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хямралын эсрэг хамтдаа өдөрлөг, шоу тоглолтууд болж, аян өрнөж  цөөнгүй хүн хямралын буянаар чамгүй мөнгө халаасалсан юм.  Хямралтай тэмцэх төлөвлөгөөг боловсруулсан С.Баяр Ерөнхий сайд “Энэ төлөвлөгөөг баталснаар бид хэд хэдэн зүйлийг шийдэх ёстой. Хямрал, хүндрэлийн чухам аль нь болоод байгаа юм. Манайд хямрал болоод байна уу, хүндрэл үү, эсвэл уналт уу. Ядаж үүнийгээ ойлгох хэрэгтэй. Хүнээр бол ядаж ямар өвчин тусаад байгаа юм. Хамрын шуухинаатай яваад байна уу, эсвэл ханиалгаад байна уу, бүр цаашлаад хатгаа авч уу гэдэг оношоо зөв тавих ёстой. Оношоо зөв тавьсны дараа эмчилгээгээ зөв хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан тэр цагаас хойш тэрхүү эдийн засгийн ханиалгыг эмчилж чадсан уу, чадсан бол ямар эмээр эмчлэв гэдэгт хэн ч тайлбар тавьсангүй.  С.Баяр ч тавьсангүй, С.Батболд  нь ч чадахгүй байна.

 Ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн,  хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байнгын  өсөлттэй байгааг харвал Засгийн газар оношоо буруу тавьчихсан уу, хийсэн эмчилгээ нь таарсангүй юу гэсэн асуулт үлдэж байгаа юм.  Эсвэл эмийн хордлогод орчихсон уу.  Ямартай ч  барилгын салбарт борлуулалт муу хэвээр, банкныхан өр зээлнээсээ салж чадаагүй байгаа нь хямрал дуусаагүйн илрэл байх. Банкны салбараа дэмжих, ажлын байр шинээр бий болгох, одоо байгаа ажлын байраа алдахгүй байх, иргэдийнхээ амьжиргааны төвшинг сайжруулах талаар Засгийн газар тэрхүү төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсан болов уу. Тэд дорвитойхон, барьцтайхан ажил юу хийв ээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр  аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ.

Тус газраас гаргадаг сар бүрийн статистик мэдээг харахад ажилгүйдэл  байнгын өсөлттэй, тэр хэрээр ядуурлын хэмжээ ч мөнхийн нэмэгдэлтэй гардаг. Энэ өнцгөөс харвал Монголын эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн шинжтэй. Дотоодын үйлдвэрлэл буурч,  аж ахуйн нэгжийн банкинд тавьсан өр нэмэгдсэн нь ч үүний илэрхийлэл байх. Гадаад худалдааны алдагдал 2010 оны эхний 11 сард 320.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.8 сая ам.доллар буюу 37.1 хувиар нэмэгдсэн, хэрэглээний үнийн улсын индекс  өнгөрсөн сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувь, өмнөх оны эцсийнхээс 10.3 хувь, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 3090.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхээс 4.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 472.3 тэрбум төгрөг буюу 18.0 хувиар  өссөн гэх статистик мэдээлэл тийм ч гоё сонсогдохгүй байгаа биз. 

Тэгэхээр хямралын эсрэг бид хамтдаа тэмцээгүй бололтой юм. Монголын Засгийн газар хямралтай тэмцэх эхний алхам нь  үрэлгэн зардлаа танах хэмээн хоёр жил шахамын өмнө мэдэгдэж  байсан бол  өдгөө төсвийн алдагдал хэдэн зуун тэрбумаар тоологдон, түүнийгээ хаанаас нөхөхөө мэдэхгүй эрхбаригчид толгойгоо гашилгаж сууна. Эмээгийн бор авдарт найдсан эрх баригчдын хямралын эсрэг төлөвлөгөөг хайх уу, яах уу. Эсвэл зүгээр л “Анхаар, хямралтай” гээд сууж байх уу.

Ж.НЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж