С.Баяр ардчилсан үзлийг баримтална гэсэн

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

С.Баяр ардчилсан үзлийг баримтална гэсэн

С.Баяр дарга үндэсний ардчилсан үзлийг баримтална гэсэн

МАХН-ын төв штабын зохицуулагч Н.Удвалтай ярилцлаа.

-Танай штаб байгуулагдаад ба­раг сар болох гэж байна. Өнгөр­сөн хугацаанд МАХН-ын буурийг са­хигчид юу хийсэн бэ?

-Энэ сарын 17-нд нэг сар болох юм. Энэ хугацаанд МАХН-д үлдэх хүсэлтэй гишүүдээ бүртгэх ажил хийж байна. Онц их хурал хийх та­лаар судалгаа явуулж байгаа. Ги­шүүд эхний үед штаб дээр ирэх юм уу, утсаар бүртгүүлдэг байсан. Одоо бол орон нутгаар хүмүүс явж бүртгэж байгаа. Сүүлийн үед МАХН-ыг дэмжиж байгаа хандлага нэ­лээд өслөө. Ер нь хот хөдөөгүй наа­шаа давалгаалчихлаа. Жирийн ги­шүүд бол МАН-д орох сонирхол бага­тай байна. Төрийн албанд ороод намаа­саа түдгэлзсэн хүмүүс ажлаасаа өөрч­лөгдөхөөрөө эргэж манайд ирж ги­­­шүүнчлэлээ сэргээлгэх хандлага бас байна. Гишүүдийнхээ нарийн тоог хараахан гаргаж чадаагүй байна. Онц их хурлын өмнө тодорхой болно.

-Онц их хурлаа хэзээ хийх вэ?

-Тодорхой нөхцөл шалтгааны ул­маас нарийн тов хэлж болохгүй байна. Ажлын хэсэг гаргаад Онц их хурал дээр тавих илтгэлүүд, намын дүрэм, мө­рийн хөтөлбөрт оруулах өөрчлөлт зэргийг ярилцаж нэлээд эрчимтэй ажил­лаж байгаа. Төлөөлөгчдөө тү­рүүчээс нь сонгоод эхэлсэн. Дор хаяж 800 төлөөлөгч сонгоно. Мянга гар­­гаж ч магадгүй. Асуудал өөрөө хурц байгаа учраас олон хүний үгийг сон­­сох хэрэгтэй байна. Олны дундаас л зөв шийдвэр гарна шүү дээ.

-Танай штабаас МАН-ын асууд­­лаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж бай­гаа гэсэн?

-МАХН-аас МАН гэдэг хэсэг та­сарч гарснаас болоод хууль, эрх зүйн маргаанууд үүссэн. Түүнийг суд­лах бүхэл бүтэн хуулийн хэсэг штаб дээр ажиллаж байна. Улс тө­рийн намыг өөрчлөн байгуулах, на­мын нэрийг өөрчлөх зэрэг намтай хол­боотой хуулийн заалтуудыг хэр­хэн хэрэгжүүлсэн, Улсын дээд шүү­хэд МАН-ыг бүртгүүлсэн байдал зэ­рэг­тэй холбоотой хууль, эрх зүйн ху­вьд тодорхойгүй, хууль зөрчсөн байж болох асуудлууд үүсээд байгаа. Ги­шүүд үүнийг цэвэр өөрсдийн санаач­лагаар хийгээд явж байгаа. Үндсэн хуу­лийн Цэцэд ч хандсан байна лээ. Улс төрийн намуудын тухай хуульд “Намын нэр” гэсэн бүлэг бий. Өм­нө нь тэнд өөрчлөгдсөн, татан буугд­сан намын нэрийг хэдэн жилээр хэрэг­лэх­гүй гэсэн заалт байсан. Тэр нь Үнд­­сэн хууль зөрчсөн байна гээд н.Сэлэнгэ гэдэг багш тухайн үед Цэ­цэд гомдол гаргасан юм байна лээ. Үндсэн хуулийн Цэц гомдлыг хэлэл­цээд хуулийн тэр заалт Үндсэн хуулийг үнэхээр зөрчсөн байна гээд хас­сан юм билээ. Өөрөөр хэлбэл, на­мын нэрийг тодорхой хугацаанд да­хиж хэрэглэхгүй гэсэн хуулийн заал­тыг Цэцийн шийдвэрээр хассан ту­­хай Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны нэгдүгээр сарын 14-ний 01 тоот тог­тоол гэж байдаг. Яг тэр хассан заал­тыг сая МАН Улсын дээд шүүхэд бүрт­­гүүлэхдээ хүчинтэй мэтээр хэрэг­­лэчихсэн. Ийм зөрчилтэй асуу­дал үүсч байгаа болохоор түүгээр Цэ­цэд хандсан гэж ойлгосон.

-МАН-ын Хяналтын ерөнхий хо­роо­гоор Ц.Шинэбаяр гишүүн та хоёрыг хэлэлцсэн, С.Молор-Эрдэнэ судлаачийг Сүхбаатар дүүргийн шүү­хэд өгсөн гэсэн…

-Хяналтын хороогоор хэлэлцэнэ. На­маас хөөнө гээд байх юм. Бид МАН-д элсээгүй болохоор Ардын на­мын Хяналтын хороо бидэнд ха­маа­гүй шүү дээ. Бид чинь МАХН-ын гишүүд. МАН-д огт хамаагүй. МАХН-д элссэндээ, энэ намын нэ­рээс бид ичээгүй. “Яасан муухай нэр­тэй намд элсчихэв ээ” гэж нэг ч өдөр би хувьдаа бодоогүй.  Харин МАХН гэдэг намын нэрээр өндөр ал­бан тушаалд гарч, эцэст нь “муухай нэр­тэй” гээд хаяж явсан хүмүүсээс л ичиж байна. МАН-д элсээгүй, өргөд­лөө өгөөгүй, батлахыг нь аваа­гүй болохоор биднийг Хяналтын хороо­гоор хэлэлцэх, шүүхэд өгөх ямар ч эрх зүйн чадамж МАН-д байхгүй. Бид­ний хооронд эрх зүйн харилцаа үүсээ­гүй.

-С.Молор-Эрдэнийг МАХН-д ямар ч хамаагүй, Ногоон на­мын хүн үймүүлж байсан гэх юм би­лээ?

-Судлаач, багш С.Молор-Эрдэнэ бол бидний “Ухрах уу, урагшлах уу” хөдөлгөөнөөс эхлээд хамтарч ажил­ла­сан манай дэмжигч байсан. МАХН-ын төв штаб байгуулагдахад МАХН-д элс­сэн. Одоо бол МАХН-ын гишүүн. Но­гоон намтай холбоотой байсан эсэ­хийг би бол мэдэхгүй. Биднийг дот­роос нь бутаргах, янз бүрийн ал­бан тушаал амлах, ятгах гээд янз ян­зын ажлыг МАН-ын зүгээс хийж бай­гаа юм байна. Манай штаб дотор нө­лөө бүхий, идэвхтэй ажиллаж бай­гаа хүмүүсийг МАН-ын Удирдах зөв­лөлийн нэг нэг хүнд хариуцуулаад “ийм тийм албан тушаал амла, га­дагш нь явуулах санал тавь” гэх мэт зүйл хийж байгаа юм билээ. Нэг жи­шээ гэвэл надад саяхан, гурав дө­рөв хоногийн өмнө, Оксфордын их сургуульд нэг төсөл дээр хамтран ажил­лах урилга ирсэн л дээ. Энэ са­нал тэр ятгалгын нэг төрөл байхыг үгүйс­гэхгүй. Одоо бол биднийг ямар ч эрх мэдэл, албан тушаал, эд баял­гаар зогсоож чадахгүй болсон. Явдаг про­цесс бидэнтэй бидэнгүй явчих юм шиг байна.

-“Хувьсгалт” гэдэг үг муухай­даа ч биш, долдугаар сарын 1-ний хэрэг явдал, бас УИХ-ын 2008 оны сонгуулиар амласан 1,5 сая төгрөг, айлуу­даар тараасан батламж бич­­­гээ хэрэгжүүлж чадахгүй боло­хоороо түүнээсээ бултах гэж нэрээ соль­сон гэх яриа гарах болсон?

-Хариуцлагаас зугтах гэж ингээд бай­на гэдгийг бид намар “Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэг дээ­­рээ ярьж байсан. МАХН-ын дарга нар амлалтаа биелүүлсэнгүй, хариуц­ла­гаас зугтах гэж байна. Авлига хээл хахууль, ядууралтай тэмцсэнгүй. Аж­лын байрыг олигтой бий болгож чад­сангүй. Боловсон хүчний бодлогоо зөв хэрэгжүүлсэнгүй. Намын ХХY их хурлынхаа шийдвэрийг хэрэг­­жүүлсэнгүй. Тэр бүхнийхээ талаар тай­лагнах зүйлгүй, бас хэрэгжүүлье гэ­сэн улс төрийн хүсэл сонирхолгүй боло­хоор арга буюу бууриа сэлгэж арай өөр имижтэй болж гарч ирэх гэж бай­на гэж бид хэлэлцүүлэг дээрээ ярьж байсан. Гэтэл нэрээ сольсон биш бүр дордоод, өмнөөс хүмүүс “Өө хэвээрээ байна шүү дээ” гэдэг бол­­­сон байна. Намын нэр ус ямар ч ха­­­маагүй гэдгийг эндээс харж болж бай­на. Ер нь МАХН МАН болсон нь сайн үр дагавар авчирсангүй гэдэг эн­дээс харагдаж байна л даа. МАН, Мон­голын Ардчилсан нам хоёр нэг нэртэй болоод цаашдаа нэгдэх юм гэнэ лээ гэж зарим хүн бичсэн бай­на лээ. Цааших алхмыг бол хэлж мэдэх­гүй. Ямар ч гэсэн МАН болсон нь зүй зохисоороо явж байгаа процесс гэж би үзэхгүй. Аль нэг бүлэглэлийн хийж байгаа, зориудаар МАХН-ыг түүхийн тавцангаас арчиж хаях гэ­сэн үйл явц гэж би хувьдаа ойлгож бай­гаа.

Манай ХХYI их хурал их хэцүү бол­­сон л доо. Хайрцаглачихсан. Би на­­мын олон их хуралд сууж үзсэн. Ха­рин сая тарааж өгсөн цүнхэн до­торхийг хараад үнэндээ гайхсан. Тэнд “Титэм үг” гэдэг ном байсан. Тэг­­сэн мөртөө илтгэлүүд огт байхгүй. Өм­­нөх их хурлуудаар дарга нарынхаа илтгэлийг Хяналтын хорооныхоо илт­гэлтэй тараадаг байлаа. Тэндээс үг хэлэх сэдэв зэргээ төлөөлөгчид хар­даг байсан. Гэтэл сая үзэж харах юм юу ч байгаагүй. Төлөөлөгчид бол “дарга сая юу ярьчихав” гээд л хоц­­рохоос биш түүнийг хэлэлцэх ат­мосфер, уур амьсгал бүрдсэнгүй. Нө­­гөө талаас хурлаас гаргасан шийд­­вэрүүдээ гишүүдийнхээ гар дээр хүргээгүй. МАН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа л сая сонинд хэвлүүлсэн. Зүгээр ийм про­­цессийн дараа анализ хийгээд үзэхэд л ямар хурал болсон нь тодорхой ха­­рагдаж байна.

-МАХН-ын ХХY их хуралтай харь­­цуулахад МАН-ын ардчилал их суларчээ?

-Түүнтэй зүйрлэх юм биш. ХХY их хурал дээр гишүүд хэлэх гэс­­нээ хэлж дарга нараа чөлөөтэй шүүм­­жилж болж байсан. Сая бол үг хэлэх гэ­­хэд боломжгүй, бараг хэрүүл хийж байж нэрээ  оруулсан. МАХН-ын дар­­га байсан Г.Очирбат гуай “Би чиний нэ­­рийг оруулж өгье” гэж байж би арай хийж үг хэлэх зөвшөөрөл авсан. Дар­­га нар өөрийнхөө талын хүмүүст үг захиалчихсан. Аймаг, дүүргээс хоёр хоёр хүнээр тийм тийм үг хэлүүл гээд даалгачихсан. Захиалгагүй хүнд үг хэлэх ямар ч боломж олдоогүй.

-МАХН-ын төв штабын цаана Н.Энхбаяр дарга бий. Бусад нь зү­­гээр л амьгүй албат гэсэн яриа гарч байгаа. Та нар ч гэсэн нэг хү­­ний толгойгоор яваад байгаа юм биш биз?

-Биднийг элдвээр л хэлж байгаа. “Та­­ныг гудамжинд гарчихсан явж бай­­на гэж хүмүүс яриад байна” гэж на­­дад хүн хэлж байсан. Нийгэмд үнэт зүйлийн зөрчил гэж чухал зүйл бай­­на. Өөрсдийгөө элит, мөнгөтэй, орд­­­­ныхон гэж дээш тавьсан дар­­га нар эн­гийн иргэд, жирийн гишүү­­­дээ, ир­гэ­ний нийгмийнхнийг гудамж­­ны­­хан гэж нэрлэдэг болсон юм байна. Тэ­­гээд биднийг араасаа бас нэг хү­нээр хат­­гуулж суудаг гэж санадаг болол­той юм. Санал зөрсөн хүн, эн­­гийн жирийн хүн гудамжныхан бол­дог юм байна, МАН-ын дарга нарт. Эрх баригчид иргэддээ ингэж ханддаг үнэлэмж тогтоочихож. Сон­­гуу­лийн үед “Сонгогч хаан шүү” гэ­чихээд, сонгуульд ялж ордонд суу­­магцаа нөгөө жирийн сонгогч үг хэлэх гэхээр “гудамжны хүний үг” гэж нэрлэдэг болсон байна. Энэ бол өнөөгийн төр иргэндээ яаж хан­­даж байгаагийн тод жишээ. “Ордныхон ба гудамжныхан” гэсэн хоёрхон томъёололтой. Өөрс­­дөө яаж ордонд хүрсэн юм. Хууль бусаар, мөнгөөр ордонд орж оли­гархи болсон нөхөд шүү дээ. Иргэдэд Үнд­сэн хуулиар олгогдсон эрх гэж юу байдгийг ч мартсан байх. Тийм болохоор сонгогчид тэднээс хөн­дийрч байна. Үгийг нь сонсох тийм намыг хайж эхлэх хандлагатай бол­чи­хож. Нийгэмд шударга үнэнийг хайх давалгаа эхэлчихлээ. Ардчилсан на­мын жирийн гишүүд ч ялгаагүй.

-Онц их хурлынхаа дараа та на­рын хийх алхам юу байх вэ. УИХ-ын 2012 оны сонгуульд нэрсээ дэв­шүүлэх үү?

-Онц их хурал хийнэ гэдэг МАХН зо­хион байгуулалтдаа орно гэсэн үг шүү дээ. Улс төрийн нам ямар үйл ажиллагаа явуулдаг билээ, тэр бүг­дийг хийнэ. Байр түрээслээд бүх аж­лыг анхнаасаа эхлээд явж байна. Цааш­даа бэхжээд явах байх. Намаа эмх­лээд авахаар цаашдын ажил аян­даа бүтэх байх. Цэц энэ тэр юу боло­хыг харъя.

-МАХН гэдэг нэрийг яагаад ч та нарт өгөхгүй гэвэл яах вэ?

-Хуулиараа бол өгөхөөс аргагүй. Монгол Улс чинь хуультай, ард­чил­сан орон. Өгөхгүй гэх үн­дэслэл байх­гүй. Бид чинь итгэл үнэм­шил дээ­рээ үнэнч үлдсэн гишүүд шүү дээ. Шу­дар­­га байя гэсэн гишүүд байхгүй юү. Мон­голд энэ олон нам байхад бид ит­гэл үнэмшлээ дагаж л МАХН-д элс­­сэн шүү дээ.

-МАН гэчихээр итгэл үнэмшил зөрж байна уу?

-Зөрнө. МАН-ын удирдлагууд сүү­лийн үед хөрөнгөтний маягийн бод­лого барьж байгаа. Үзэл баримт­лал зүүн төвийн гэж байгаа ч баруу­­ны маягийн болчихсон. Чинээлэг хү­мүү­­­­сийг дэмждэг. Бид зүүн төвийн байр суурь дээрээ байя л даа. Ингээд бид­ний чиг зөрж байгаа. Тэднийг ч буруут­гах аргагүй. Өөрсдөө чинээлэг уч­раас өөрсдийн төвшний хүмүүсийг л дэмжинэ шүү дээ. МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл дээр ч С.Баяр дарга танил­цуулахдаа үндэсний ардчилсан үз­лийг баримтална гэдгээ хэлсэн. Энэ бол барууны үзэл баримтлал.

-Монголд зүүний хүчний орон зай гарсан гэж үү?

-Тэр орон зай хоосорсон. Тэгэ­­хээр МАХН түүнийг эзлэхээс яахав. Тэр орон зай зайлшгүй эзэнтэй байх ёс­той. Түүнээс гадна МАН гэдэг нам гарч ирснээр төр өөрөө хямралд ор­сон. УИХ-д бүлэг байхгүй болсон.

-Ганц Х үсэг авснаас өөр өөрч­лөлт байхгүй. Бүлэг хэвээрээ гэж МАН-ын дарга нар хэлээд байгаа?

-УИХ-ын ту­хай хуулийн “Бүлэг байгуулах” гэ­сэн заалтад УИХ-ын сонгуульд орсон су­бъектээрээ бүлэг байгуулна гээд тов тодорхой заачихсан. 2008 онд сонгуулийн жагсаалтад МАХН гэдэг нэрээр орж ялалт байгуулсан нам биз дээ. Тэр нэрээрээ бүлэг байгуулсан. Ганцхан УИХ ч биш, аймаг, орон нутгийн Иргэдийн Хуралд ч МАХН нэрээр бүлэг байгуулсан. Тэгж үзвэл МАН болсноор УИХ-ын гишүүд, Иргэдийн Хурлын төлөөлөгчид бүгд бие даагч болж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд, бүх шатандаа төрийн хямрал үүсгэлээ. Ноцтой юм болоод байна, цаана чинь.

        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж