Саналын “ухаалаг” машинтай танилцжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Саналын “ухаалаг” машинтай танилцжээ

Ардчилсан намын дарга, Засгийн газрын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг АНУ-д айлчилж байна. Тэрбээр Bellwether форумын ерөнхийлөгч Роберт Пайтер, Election Systems& Software компаний ерөнхий менежер   Брайан Брукер нарыг  өчигдөр хүлээн авч уулзжээ. Сонгуулийн хуулийн чиглэлээр ажилладаг ноён Р. Пайтер  дэлхийд  нэр хүндтэй сонгуулийн саналын дүн тоологч машин үйлдвэрлэдэг компанийн ерөнхий менежерийг Тэргүүн шадар сайдад танилцуулсан байна.Тэрбээр Монголд хэд хэдэн удаа очихдоо  сонгуулийн үйл явц үр дүнг ажиглагчийн байр сууринаас харж байжээ. Гэвч харамсалтай нь Монголд жирийн иргэдийн өгсөн саналыг луйвардах, албаар буруу явуулах зэрэг үйлдлүүд ажиглагдсан байна. Тиймээс энэ байдлыг засч сонгуулийн тооллогыг үнэн зөв явуулахын тулд энэ тал дээр туслахаар шийдсэнээ хэлжээ. Election Systems& Software компанийн ерөнхий менежер  ноён Брайн Брукер шинээр үйлдвэрлээд буй хоёр төрлийн аппаратыг Н.Алтанхуяг сайдад танилцуулсан байна. Иргэний ухаалаг үнэмлэх уншигч машин буюу иргэний үнэмлэхэд байруулсан чипийн тусламжтай мэдээллийг уншиж тухайн сонгогч  хаана бүртгэлтэй хэдэн удаа сонгууль өгсөн зэргийг мэдэж болох аж. Ингэснээр давхардуулж сонгууль өгдөг явдлыг халах боломжтой гэнэ. Хоёрдох хувилбар буюу цаасан дээр гаргасан санал тоологч машины хувьд орчин үеийн дэвшилтэт технологи ажээ. Тус машин нь тухайн сонгогчийн дугуйлсан нэр дэвшигчийг ялгах чадвартай бөгөөд эцэст нь хэн гэдэг нэр дэвшигчийн төлөө хэдэн хүн саналаа өгснийг автоматаар тоолж, дүнг  зөвхөн СЕХ-нд дамжуулах үүрэгтэй гэнэ. Тэргүүн шадар сайд “Монголд сонгогчдын нэрсийн жагсаалт болон иргэний үнэмлэх дээр наасан шилжилт хөдөлгөөнийг далимдуулан санал луйвардах явдал их байдаг. Түүнийг таслан зогсоох, түүнчлэн иргэдэд хамгийн ойр дөхөм үйлчилгээ үзүүлэхийн тулд Монгол Улс тун удахгүй иргэний ухаалаг үнэмлэхийг ашиглалтад оруулахаар зэхэж буй. Эдгээр машинуудын аль аль нь боломжтой хувилбар байна” хэмээгээд  та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.   

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж