Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махатма Гандийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлснээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн БНЭУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Махатма Гандиг энэтхэгчүүд үндэсний эцгээ хэмээн нэрийдэж өнөөгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн гарааг эхлүүлсэн гэж хүндэтгэн хайрладаг. Гандизм хэмээх үзэл онол нь Энэтхэг болон дорно дахинд улс төрийг эвийн хүчээр энхийн замаар явуулах арга зүй болон судлагдаж байгаа аж.
Манай парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, гишүүн Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, С.Оюун, УИХ-ын Тамгын газрын Ерөнхи йнарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийн баг ажиллаж байна. Айлчлал Дэли, Колката хотод тав хоног үргэлжилнэ.
УИХ-ын дарга өнөөдөр үдээс хойш Энэтхэгийн парламентын доод танхимын дарга хатагтай Мэйра Кумар болон тус улсын дэд Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.