Эрдмийн өргөөндөө мэхийн ёсолъё

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Эрдмийн өргөөндөө мэхийн ёсолъё

Улсын хөгжлийг бүтээлцэж, оюуны талхыг үйлдвэрлэгч нэгэн эрдмийн уурхай өдгөө 85 нас сүүдрийг зооглож байна.
Хамгийн анхны өдрөөс эхлээд ес эхэлж, жавар тачигнасан өвлийн саруудад, ертөнц дахин сэргэж, уясан хайлах хаврын эгэл өдрүүдэд бяцхан хүүхдүүдийн цангинаанд догдлон баясдаг сургууль хэмээгч номын өргөө хүмүүн бидний сайхан амьдралын эхлэл билээ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 11 жилийн бүрэн дунд сургууль цас бударсан энэ өдрүүдэд нэгэн түүхийн хуудсыг сөхөж, намтар түүхт их ойгоо тэмдэглэж байна. Анх 1925 оны 11 дүгээр сард Их жанжин Д.Сүхбаатар Зүүн хил хязгаар нутагтай танилцаад буцах замдаа   эцэг, эхийнхээ төрж өссөн нутгаар дайрахад Хошуу ноён, ёст бээс Доржжав түүнд хадаг, 50 лангийн мөнгөн ембүүнийхамт барихад, Их жанжин сургууль танхим барихад зориулаарай хэмээн буцаан өгсөн тэрхүү  мөнгөн ембүүгээр баялаг бүтээж, үүх түүхээ эхэлсэн тус сургууль 85 жилийн дараа зузаанаас зузаан боть түүхийг хүүрнэн, угтаж үдсэн сурагчдаараа хүрээлүүлэн баяраа тэмдэглэх агшинд энэхүү нийтлэл төрж байгаа билээ. Бий болсон цагаасаа хойш зургаан салбар сургуулийг төрөн гаргасан боловсролын буурал түүхийн хуудсыг бичилцэж яваа байгууллага.

Будаг нь ханхалсан сургуулийн саруул танхим, буурал жилүүдийн тоосонд дарагдан байх ч хөгжил шууран байгаа 21-р зуунд оюунлаг иргэдийн дуугаар тасрахгүй байгаа.

Миний бие энэ сургуулийг 10 гаруй жилийн өмнө төгсч билээ. Үл ялиг хөнгөн гунигтайгаар сурагчийн ширээгээ охиж байсан минь сайхан ч гэгээн бодлоо өвөрлөн өнөөдөр сургуулийн босгоор алхахад үүднийх нь ширээ, сандал, өөдөөс мишээн угтах их жанжны маань төвшин дүр намайг хүндэтгэх шиг нэг л сайхан. Яг л над шиг тоодгор хормойтой сурагчийн дүрэмт хувцсаараа гоёсон жаалууд хажуугаар салхи татуулаад л, Том хавтас, гоё цүнхээ сугавчилсан багш нар инээмсэглэн зөрөөд л. Бас зүгээр байхгүй ээ. Тэрээ,  энээ битгий тэг ингэ гээд л.  Байнга л үглэж дуулж байдаг багш нар ээжүүдээс маань нэг их ялгарахгүй.
1993 онд Их жанжин Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор Д.Сүхбаатарын нэрэмжит болсон манай сургууль бахархах зүйлээр их. Монгол улсын хөдөлмөрийн баатар Д. Шараас эхлээд Ардын цолтон 30, Төрийн шагналтан 6, гавъяат цолтон 36, эрдмийн цолтой 88 хүн энэ сургуулиас төрөн гарчээ. Үүн дотор АИХ-ын депутат, найман УИХ-ын гишүүн төржээ.

Сургуулийнхаа 85 жилийн ойд зориулан багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг аймгийнхаа театрт хийхээр төлөвлөж байгаа,  тэд мөн эх түүхээ өгүүлсэн баримтат киног хийлгэж, сургуулийнхаа түүхийг өгүлсэн ном гаргаж  байгаа гэж Л.Байгальмаа захирал ярьж байна.

1954 онд анхны 10 дугаар ангиа төгсгөсөн тус сургуулийн бүрэн дунд боловсролтой төгсөгчид өдгөө нэг түмд хүрээд байна.

Сүүлийн зургаан жил дараалан аймгийн Тэргүүний сургуулиар шалгарсан эдний хамт олон өнгөрсөн жил Монгол улсын Шилдэг менежменттэй Топ сургуулиар шалгарч, чансаа өндөртэй гэдгээ баталсан юм.

Мэдээж ойн хүндэтгэлийн арга хэмжэээний үеэр олон арван багш, шилдэг сурагчдаа шагнана. Нэгэн өдрийг буюу энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийнхан нас нэмсэн сургуулийнхаа ойг хөгжил цэнгэлээр дүүрэн өнгөрөөнө. 

Эjдмийн уурхайн галыг манаж, тулгыг асааж байгаа 140 багш 2100 гаруй хүүхдүүдийн өмнөөс

“Насны багад өнгөөр нь, насны залууд хөгжлөөр нь,насны хэвийд амжилтаар нь гоёно” хэмээн мэхийе тандаа. 

Он цаг улирах тусам өөрчлөгдөн хөгжиж, амжилтаа нь ахиулж байгаа миний чиний, таны, бидний сургууль улам өөдлөн  дэвжиж, хэдэн мянган жилийн түүхт ойгоо тэмдэглэх болтугай.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж