
Чингис хааны 19-р үеийн ач, Халхын анхны Сэцэн хан Шолойгоос хойш 20 дахь буюу сүүлчийн удаа хан ширээ залгамжилсан нь алтан ургийн тайж Цэрэндондовын хөвгүүн Навааннэрэн юм. Халхын Сэцэн хан Навааннэрэн нь 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг, Олноо өргөгдсөн Монгол улсын Ерөнхийлөн захиран шийтгэх Яамны эрхэлж зөвлөх сайд, Хан Хэнтий уулын аймгийн чуулганы дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүний өндөр албан тушаал хашиж байсан төр нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Түүнийг хан ширээ залгамжилсан 14 жилийн дотор ХХ зууны Монголын хоёр хувьсгал тохиож, Тусгаар тогтносон Монгол улсын гурван төрд өндөр алба хаших, монголын төр нийгмийн томоохон зүтгэлтний хэмжээнд хүрэх томоохон ховорхон хува заяа тохиожээ. Гэвч төр, нийгэм, шашин соёлын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж явсан түүнийг 1937 оны сүүлчээр хилс хэрэгт тулган баривчилж, цаазаар хороосныг 1991 онд цагаатган нэр төрийг нь сэргээсэн юм. Уг үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Тулгар төр тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаанаас Сэцэн хан Навааннэрэнг шагнасан өргөмжлөл, Сэцэн хан аймги йн туг, Сэцэн хан Навааннэрэнгээс жанжин Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, Сэцэн хан аймгийн харуулын тэмдэг, Хэнтий аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж буй 200 гаруй жил Халхын Сэцэн хангуудын барьж байсан тамга, тамганы хайрцаг, Навааннэрэн ханы эзэлж хэрэглэж байсан пийсүү аяга, яшил зэрэг эд өлгийн зүйлсийн гэрэл зургууд, Сэцэн хан Шолойн угийн бичиг зэрэг 20-р зууны эхэн үеийн түүхийн баримт, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байна.
Мөн Монголын ШУА-ийн чуулганы танхимд “Халхын Махасамади Далай Сэцэнхан Ц.Навааннэрэнгийн хан ширээ залгамжилсны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд түүхийн ухааны доктор /Sc.D/, профессор Д.Гомбосүрэн “Халхын Махасамади Далай Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн- Монгол төр нийгмийн томоохон зүтгэлтэн мөн”, Академич, доктор /Sc.D/, профессор Ж.Болдбаатар “XX зууны Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн түүхэн хэв шинжийг тодорхойлох асуудал”, Түүхийн ухааны доктор /Ph.D/ Б.Өлзийсүрэн “Халхын Сэцэн ханы угсаа залгамжлал”, Түүхийн ухааны Доктор /Ph.D/, дэд профессор Л.Чулуунбаатар “Монголын төр нийгмийн үйл хэрэгт Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн оруулсан хувь нэмрийг эргэцүүлэхүй”, Докторант Д.Эрдэнэбат “Үндэсний төв Архивын сан хөмрөгт буй Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн түүхэнд холбогдох баримтын тойм”, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Төрийн, Захиргааны Удирлагын хэлтсийн дарга Г.Батзориг “Сэцэн ханы зуны ордонд хадгалагдаж буй үзмэрийн танилцуулга” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Энэхүү ач холбогдол бүхий бага хурлыг Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.