Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг тодруулна

Mining Journal Awards 2010- уул уурхайн салбарын оны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 24-нд болох гэж буй билээ. Шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр дээрх арга хэмжээг зохион байгуулагч The Mongolian Mining Journal уул уурхай, эдийн засгийн сэтгүүлийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяатай ярилцлаа.

-Уул уурхайн салбарын шилдгийг тодруулах арга хэмжээ сүүлийн үед зохион байгуулагдах болсон. Тэгвэл Mining Journal Awards 2010-ийн тэдгээрээс ялгарах онцлог нь юу байх бол?

-Монгол улсын хувьд уул уурхайн салбарын түүх шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирж байна. Уул уурхай эрчимтэй хөгжлийн замдаа орлоо. Зөвхөн олборлоод гадагшаа зөөх биш, үйлдвэрлэлийн шатанд шилжих сайн эхлэлүүд бий болж байна. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандарт, үзүүлэлтүүд Монголын уул уурхайн үйл ажиллагаанд адилхан тавигдаж байна. Түүнчлэн асуудал, бэрхшээлүүд ч гэсэн мөн ижил тулгарч байгаа. Уул уурхайн хөгжил дэлхийн стандарт руу явж байгаа тул түүнийг дагасан бусад үйл ажиллагаа ч дэлхийн түвшинд хүрэх ёстой. Ийм учраас салбарын үйл ажиллагааны сайн , муу  талыг мэргэжлийн түвшинд шүүн тодруулж, олон нийтэд мэдээлж байх нь чухал ач холбогдолтой юм.

Уул уурхай тэргүүлэх салбар нь болдог, хөгжлийн замналыг нь эхлүүлсэн улс орнууд нэр хүндтэй уул уурхайн сэтгүүлтэй байдаг. Тэдгээр  сэтгүүл салбарын үйл ажиллагаагаа үнэлж цэгнэсэн нэр хүндтэй шагналуудтай. Бид ч гэсэн тэр жишгээр Mining Journal Awards шагналыг санаачилсан юм. Манай улсын хувьд Ашигт малтмалын газар тодорхой үзүүлэлт, шалгуураар уул уурхайн салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, компаниудыг шалгаруулж ирсэн уламжлалтай. Гэхдээ салбарын мэргэжилтнүүд, уул уурхайн салбарынхантай ярилцаж байхад шилдгийг шалгаруулах үйл ажиллагааг дэлхийн жишгийн дагуу хөндлөнгийн байгууллага буюу төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага хийх нь илүү оновчтой гэсэн байр суурь байдаг юм билээ.    
Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшөөсэй. Үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавиасай. Түүнд бидний энэ санал санаачилга цучил нэмээсэй гэж хүсч байна.

-Хэчнээн номинациар тодруулах вэ?

-Mining Journal Awards-ийг жил тутам зохион байгуулна. Тухайн жилийн үйл ажиллагаагаар нь таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдах юм.
Энэ таван ангилалд уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл явуулж буй гадаад, дотоодын   ямар ч байгууллага нэрээ дэвшүүлэх эрхтэй. Номинациудын хувьд бидэнд нэлээд ойлгомжтой байж болох шалгууруудыг сонгож авсан. Шилдэг олборлогч, Уул уурхайн шилдэг үйл ажиллагаа, Шилдэг эко уурхай, Дэвшилтэт технологи, Уул уурхайн салбарыг дэмжигч гэсэн таван номинаци байгаа.
Номинаци тус бүрийг нарийвчилсан шалгуур үзүүлэлтээр тодруулна биз дээ?

Тийм ээ. Шалгуур үзүүлэлтийг MINING JOURNAL COUNCIL-ийн шүүгчид нарийвчлан гаргасан байгаа. Монголд байхгүй, бий болж амжаагүй стандарт үзүүлэлт ч энд байж мэднэ. Уул уурхайн үйл ажиллагааг дэлхийн түвшинд хөгжүүлэхийн тулд стандарт шалгуур нь одоо байхгүй ч түүнийг бий болгохын тулд явах ёстой гэж үзсэнээс илүү ирээдүйг харсан ийм үзүүлэлтүүд орж байгаа.    
  
Шилдэг олборлогчийн хувьд уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа, олборлолтын хэмжээ тогтвортой өссөн үзүүлэлтийг голлох шалгуур болгоно.
Судалгаа шинжилгээний ажлуудаа гүйцэтгэн, үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй компанид хүртээх Шилдэг үйл ажиллагаа шагналд боловсруулах үйл ажиллагаанд дэвшин орсон байдал,     гэмтэл осолгүй ажилласан цаг, хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад хамрагдсан байдал гээд нэлээд олон шалгуур тавигдаж байгаа. 
 
-Эко уурхай номинаци олон нийтэд нэлээд таалагдах байх?

-Тийм ээ. Олборлолт, үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед уг шалгаруулалтын ач холбогдол туйлаас хэрэгцээтэй байх болно. Нарийвчилсан шалгуур үзүүлэлт нь байгаль орчныг хамгаалах бодлогын албатай эсэх, байгаль орчинд нөлөөлөл багатай  дэвшилтэт технологи хэрэгжүүлсэн эсэх байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн, ISO 1400, ISO 1900  стандартуудыг мөрддөг эсэх, уурхайн хаалтын санхүүжилтийн эх үүсвэртэй зэргээр шалгаруулах болно. Үүнтэй уялдах өөр нэг номинаци бол Дэвшилтэт технологи гэсэн ангилал юм.

Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр  санаачлагатай ажилласан, уул уурхайн салбарын хөгжил, судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллагад олгох уул уурхайн салбарыг дэмжигч гэсэн тав дахь номинаци байгаа. 

-Салбартаа мэргэшсэн шүүгчид шалгаруулна гэсэн. Бүрэлдэхүүнд нь ямар хүмүүс багтсаныг сонирхож болох уу?

-Шүүгчдийн бүрэлдэхүүн буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийх болно. Консулын бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтаж байгаа. Одоохондоо шүүгчдийнхээ нэрийг дурдахыг азная. Ямартай ч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжилтнүүд бий. 

-Сонирхож лавлахад, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд яагаад энэ шалгаруулалтад оролцох ёстой талаар Та тайлбар өгөөч?

-Шилдэг ил тод үйл ажиллагаа явуулж байгаа бол олонд таниул, өөрсдийгөө сурталчил, мэргэжлийн шалгуураар ороосой гэж уул уурхайн компаниудыг уриалмаар байна.

-Шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтэй компаниуд өөрсдөө нэрээ  дэвшүүлэх үү? 

-Нэг компани хэдэн ч номинацид нэрээ дэвшүүлж болно. Тиймээс юун түрүүнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ дөрөв хүртэлх хуудаст багтаан танилцуулга материалаа The Mongolian Mining Journal сэтгүүлд хүлээлгэн өгөх юм.  Бас компани болон уурхайнхаа  ерөнхий мэдээллийг хавсаргана. Нийт ажилтны тоо, хүчин чадал гэх зэрэг ерөнхий танилцуулга гэсэн үг.
Шүүгчдийн шалгаруулалтаас гадна бид хөндлөнгийн санал асуулгыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн дунд явуулж байна. Мөн олон нийтийн дунд нээлттэй онлайн санал асуулга явуулж байгаа.

Нэр дэвшүүлэлт 2010 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэл явагдана. Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, хүмүүсийг сурталчлах үйл ажиллагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн цацагдах юм.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж