Мушаррафыг Бхуттогийн аллагад буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Мушаррафыг Бхуттогийн аллагад буруутгав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Экс ерөнхийлөгч нь экс ерөнхий сайдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой болох хөдлөшгүй баримт олсон гэж Пакистаны прокурорын газраас мэдэгдлээ
    Пакистаны прокурорын газраас экс ерөнхийлөгч Первез Мушаррафыг 2007 онд экс ерөнхий сайд Беназир Бхуттогийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж баривчлах зөвшөөрлийг өгсөн байна. Одоо Лондонд амьдарч байгаа  Мушарраф үүнийг эрс үгүйсгэж өөрийгөө гэм буруугүй гэлээ.

    Прокурорын газраас экс ерөнхийлөгч Первез Мушаррафыг баривчлах зөвшөөрөл өгсөн “Hindustan Times” сонинд өгүүлжээ. Тус орны терроризмын эсрэг шүүх Бхуттогийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт хамсаатан гэдэг ял голлосон 12 зүйл ангиар экс ерөнхийлөгчийг буруутган яллажээ.

    Пакистаны прокурорын үзэж байгаагаар “Талибан” хөдөлгөөнийхөн экс ерөнхий сайдыг хөнөөх гэж байгаа ажиллагааны төлөвлөгөөг Мушарраф 2007 онд мэдэж байсан ч энэ талаар засаг захиргаанд мэдээлээгүй өнгөрчээ.

    Эмэгтэйн аллагын хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчид аллага болох үед Равалпинди хотын цагдаагийн дарга байсан Сауд Азизаас мэдүүлэг авсны дараа экс ерөнхий сайдыг хөнөөсөн хэргийн хамсаатны тоонд Мушаррафыг оруулсан байв. 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд үйлдэгдсэн аллагын үеэр 20 хүн амиа алдсан билээ.

    Сауд Азиз аллагын өмнө Беназир Бхуттогийн аюулгүй байдлыг хангаж байсан хариуцлагатанг Мушарраф өөрчилсөн бөгөөд хэргийн баримтыг устгахын тулд аллага болсон газрыг нэн даруй цэвэрлэхийг тушаасан байжээ.

    Первез Мушаррафын хамт уг хэргийг зохион байгуулсан гэх таван сэжигтэн яллагдаж байгаа. Тэд бүгд л “Талибантай” холбоотой байжээ.

    Беназир Бхутто нь 1988—1990, 1993—1996 онд Пакистаны ерөнхий сайдаар ажиллаж байсан. Беназир Бхуттогийн Засгийн газар өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийж, эмнэлэг, боловсролыг үнэ төлбөргүй болгосноос гадна түүнийг эрх барьж байх үед гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн хурд нь хөрш Энэтхэгийнхээс өндөр байлаа.

    Тэр үед Пакистанд лалын суурь үзэлтнүүдийн нөлөө эрс ихсэж, 1996 оны сүүлчээр Бхуттогийн Засгийн газрыг огцруулсан. Беназир Бхуттогийн толгойг Усама бин Ладен 10 сая ам.доллараар үнэлсэн байжээ. Первез Мушаррафын толгойлсон цэргийнхэн Пакистаны засгийн эрхийг 1999 онд авсан юм.

    Бхуттод залилангийн болон захиалгат аллагын хэрэг тулгаж байсан учир тэрээр улс орноо орхихоос өөр аргагүй болсон байна. Түүний нөхрийг авлига авсан гэж буруутган таван жил шоронд хорьсон. Беназир Бхутто найман жилийн цөллөгийн дараа 2007 оны аравдугаар сарын 18-нд эх орондоо буцан ирсэн юм. Түүнийг угтан авч байх үеэр нь хоёр дэлбэрэлт болж түүний талынхны 130 хүний аминд хүрэн 500 орчим хүнийг шархдуулж байлаа.

    Удалгүй Бхутто тус орны ерөнхийлөгч Первез Мушаррафыг огцрохыг уриалаад түүний удирдлага дор шинэ Засгийн газарт ажиллахгүй гэлээ. Тэрээр Мушаррафыг “ардчиллын замын том саад” гэж нэрлээд түүний огцролт Пакистаныг аврахад тустай гэсэн билээ.

    Беназир Бхуттог 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Равалпинди хотноо  дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байхад нь халдлага үйлдэн амийг нь хөнөөсөн. Цуглаан дуусах үеэр амиа золиослогч Бхуттогийн хүзүү, чээжинд буудаад дараа нь бөмбөг дэлбэлсэн. Бхуттогийн хамгаалагчид сум нэвтэлдэггүй хантаазтай байсан. Харин Бхутто хамгаалалтын хантааз өмсөөгүй байсан. Хүнд шархтсан түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар нас баржээ.
    Мушарраф Пакистаны ерөнхийлөгчөөр 2008 оны наймдугаар сарын 18 хүртэл ажиллаад түүнд итгэл үзүүлэх асуудлаар асуулга явуулах гэж байсан өдөр огцорсон. Хувийн аюулгүй байдлын баталгаан дор тэр огцрохоор шийдсэнд АНУ ба барууны орнуудын байр суурь чухал нөлөө үзүүлжээ. Тэд түүнийг дэмжихгүй гэсэн бөгөөд арми ч түүнийг хамгаалах талаар байр сууриа илэрхийлээгүй юм. Одоо Первез Мушарраф Лондон хотноо амьдардаг, энэ хэрэгт огт хамаагүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж