Хойд Солонгос хэлэлцээрийн ширээнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хэлэлцээрийн ширээнд урьж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
     Хойд Солонгосын лидер Ким Чен Ир ба түүний залгамжлагч Ким Чон Ын
    Фото: REUTERS/Kyodo/Files

    Өмнөд Солонгосын “JoongAng Daily” сониноос иш татан Хойд Солонгос дипломат харилцаатай орнууддаа хандан хүнсний тусламж үзүүлэхийг гуйлаа гэж “The Daily Telegraph” сонин баасан гаригийн дугаартаа  бичжээ. Хойд Солонгост ган гачиг болон малын шүлхий өвчнөөс болон хүнсний бүтээгдэхүүний хомсдлын аюул нүүрлэжээ. Гэхдээ үүнээс болоод Хойд Солонгос агуу удирдагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхээс татгалзахгүй.

    Хойд Солонгос хүнсний тусламж үзүүлэхийг өнгөрсөн намраас эхлэн гуйж байгаа бөгөөд сүүлийн хоёр сард байдал ихээхэн ноцтой болсон гэж “JoongAng Daily” тэмдэглэсэн байна. “Өнгөрсөн жилийн сүүлчээс Хойд Солонгос АНУ ба олон улсын байгууллагуудад мөн дипломат харилцаатай бараг бүх орон тухайлбал, Европ, Зүүн өмнөд Азийн орнуудад хандан хүнсний бүтээгдэхүүнээр туслахыг гуйсан” гэж уг сонин нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснийг дамжуулжээ. Хойд солонгосчууд хүнсний бүтээгдэхүүн үнэгүй нийлүүлэхийг гуйж, хожим төлбөрийг нь хийнэ гэж амласан байна.

    Британийн бас нэг сонин “The Guardian” Азийн нэгэн депутатын үгээс ишлэсэн байна. Хойд Солонгосын удирдлага гадаадад байгаа бүх 40 Элчин сайдын яамдад хариуцсан орныхоо Засгийн газарт хандах үүрэг өгч, Элчин сайдын яам бүрт тусламж олох квот тогтоосон гэнэ.”Ким Чен Ир аль болох их хэмжээний цагаан будаа олохыг даалгасан” гэж Азийн нэгэн албан тушаалтан сонинд өгүүлжээ. Их Британийн ГХЯ сонинд бичсэнийг батлан Лондонд суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас хүнсээр туслахыг хүссэн бичиг авсан гэлээ. Энэ талаар Оросын зарим хэвлэл Мосва дахь Элчин сайдын яамнаас тодруулга авах гэсэн боловч утаснууд хариу өгөхгүй, эсвэл факс гэсэн дэглэм дээр тавигдсан байжээ.

    Элчин сайдын яамдаар дамжуулан бусад орнуудад хандсан нь Хойд Солонгосын хувьд ер бусын зүйл болов. Өмнө нь тэд иймэрхүү тохиолдолд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан ханддаг байв. WFP ба НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) өөрсдөө Хойд Солонгосын хүнсний хэрэглээний шаардлагын талаар үнэлгээ гаргадаг бөгөөд ээлжит илтгэл нь ойрын долоо хоногт гарна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард WFP ба FAO энэ жил Хойд Солонгост урт хугацааны хүнсний хомсдол нүүрлэнэ гэж сануулж байлаа. Тус оронд 542 мянган тонн хүнс хэрэгтэй гэж WFP үзэж байв. Байдлыг тус улсын найман мужийг хамраад байгаа шүлхий өвчин улам хүндрүүлж байна. Хойд Солонгос шүлхий газар авсныг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн юм. Шүлхийн вирусаар 10 000 орчим толгой бод мал болон гахай өвчлөөд байгаа ажээ. Бод малыг Хойд Солонгос хүнсэндээ хэрэглэхээс гадна тариалангийн ажилд ашигладаг. Тэгэхээр энэ жилд ихээхэн хэмжээний тариан талбайгаа хагалж ашиглаж чадахгүйд хүрээд байгаа гэсэн үг.

    Өмнөд Солонгосын YTN агентлагийн мэдээнд тулгуурлан  Bloomberg агентлаг дамжуулахдаа Хойд Солонгосын армийн нэгэн анги хэд хоног хүнсээр дутагдсны улмаас ажилдаа гарахаас татгалзсан гэжээ. Агентлаг өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй. Энэ эсэргүүцлийн эсрэг эрх баригчид ямар арга хэмжээ авсан нь бас тодорхойгүй.

     Гэтэл Хойд Солонгосын 69 настай, агуу удирдагчийн төрсөн өдрийг энэ сарын 16-нд тэмдэглэх арга хэмжээний бэлтгэл бүх нийтийн өлсгөлөн нүүрлээд байгаа ч тус оронд тасралтгүй явагдаж байна. Хойд Солонгосын Korean Central News Agency агентлаг дамжуулснаар энэ өдөр нийслэлд нь цэцэгийн баяр, биеийн тамирийн тэмцээнүүд, гэрэл зураг, дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй бөгөөд хөдөлмөрчин олны уулзалтууд хийгдэх гэнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж