
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Түлш эрчим хүчний талаар авах зарим бодлогын талаар УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх үеэр “Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг 00 төгрөг болгох” санал оруулж ирлээ. Энэ санал нь Байнгын хороогоор дэмжигдээгүй тул “дэмжих боломжгүй” гэх томёоллоор чуулганд орж ирсэн байна. Л.Гантөмөр гишүүдэд уг саналыг дэмжихийг уриалсан бөгөөд ногоон бүлгийн гишүүдээс ч мөн дэмжлэг хүссэн байна. Тэрээр “Энэ санал зарим нэгэнд таалагдахгүй байж болох ч утааны асуудлаас салах шаардлага бий шүү дээ. Утаа урагт, генд нөлөөлж байна. 10 жилийн дараа үндэсний аюулд хүргэнэ. Иймд утаанаас салахын тулд ийм шийдвэртэй алхам хийх хэрэгтэй” гэсэн байна. Түүний саналыг Д.Энхбат дэмжин “Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Мөн дэлхийн хамгийн их нүүрстэй улс. Иймд сар бүр хорин мянган төгрөг үнэгүй тарааж байхаар цахилгаанд шилжүүлэх төрийн бодлого боловсруулах хэрэгтэй. Монгол улсын өрх бүрийн эрчим хүчний асуудлыг нь шийдвэрлэх ёстой. Гэр хорооллыг цахилгаанжуулах бол төрийн үүрэг болоод байна. Дулааны алдагдлыг төлөхийн тулд цахилгааны үнийг нэмээд байна. Энэ саналыг дэмжих хэрэгтэй” гэв. Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн “Утаагүй улаанбаатар хөтөлбөр баталчихаад дахин утаатай өвөлийг угтвал ёстой онигоо болно шүү. Саналыг дэмжиж энэ талаар судалж үзэх шаардлагатай” гэсэн байна. Ийнхүү хэлэлцээд санал хураахад гэр хорооллын цахилгааны тарифийг 00 төгрөг болгох саналыг судалж боловсруулах гэх заалтыг тогтоолын төсөлд нэмж оруулахаар боллоо.
Б.Мандах