ЕРӨНХИЙ САЙД “БӨӨРӨНХИЙЛӨВ”
Ерөнхий сайд ч Засгийн газрын ээлжит хуралдаанд ач холбогдол өгсөнгүй. Тэрбээр оройн 17.00 цагийн орчимд Засгийн газрын хуралдаанд оролцохоор ирсэн юм. Ерөнхий сайдыг “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаас ирсэн гэх яриа сэтгүүлчдийн дунд өрнөж байв. Мөн Засгийн газрын ээлжит хуралдааны товд Оюутолгойн ордтой холбоотой асуудал байгаагүй. Гэтэл Засгийн газар үдэш болтол гэнэт Оюутолгойг сэдэв болгож хуралдлаа. Ерөнхий сайд “Өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ” гэж дуудсанаас Засгийн газрын хуралдааны өрөөний үүдэнд сэтгүүлчид 19.00 цаг өнгөртөл хүлээлээ. Учир нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлын шийдвэр гарсны дараа Засгийн газар Оюутолгойтой холбоотой мэдээллийг хэлэлцэж үгээ нэгтгэх учиртай байсан бололтой. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал 18.30 цагийн орчимд дууссан. Удаан хүлээлгэсэн Ерөнхий сайдын сэтгүүлчдээр дамжуулж иргэдэд өгөх мэдээлэл бараг тодорхой байлаа. Тодруулбал, “Оюутолгой” компанийн Давуу эрхийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаснаар Монголын эзэмших хувь хэмжээ буурахгүй. Тиймээс монголчууд Оюутолгойгоо алдана гэж айлтгүй. Монголын талын хяналтыг улам бүр чангатгах болно. Иймэрхүү мэдээллийг Ерөнхий сайд иргэддээ өгөх нь ТУЗ-ийн хурал дууссанаар тодорхой болсон юм.
МӨНГӨ БОСГОХ АРГА ХАЙЖЭЭ
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тайлан тооцоо, төлөвлөгөөг бус үүсээд байгаа нөхцөл байдлыг чухалчилжээ. Үүссэн нөхцөл гэдэг нь хөрөнгө оруулагч “Оюутолгой” компанийн давуу эрхийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж хөрөнгө босгосон нь Монголын талын эзэмших 34 хувийг хөндсөн эсэх асуудал. Хөрөнгийн зах зээлд гаргасан давуу эрхийн хувьцаа Монголын эзэмших хувьд нөлөөлөөгүй ч цаашдаа тус компанид хэрхэн мөнгө босгох вэ гэдгийг ТУЗ гол сэдвээ болгожээ. Давуу эрхийн хувьцаа гаргахаас өөр санхүүгийн зах зээлд мөнгө босгох аргыг судлаж, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулахыг ч ТУЗ-ийн хурлын үеэр ярилцсан байна.
ДОТООДДОО ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙНЭ
Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг бол газрын тосны бүтээгдэхүүний тухай юм. Манай улсад энэ сард ОХУ-аас импортоор оруулж ирсэн газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ тухайн төрлөөсөө хамаарч өөрчлөгджээ. Зарим нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад буурсан билээ. А-80, А-92 бензиний үнэ тонн нь тутам нь 25-43 ам.доллараар багассан. Тиймээс энэ хоёр төрлийн бензиний онцгой албан татварын хэмжээг нэмэхээр боллоо. Тонн тутамд А-80-ынхыг 40 мянган төгрөг, А-92-т 60 мянган төгрөгөөр нэмсэн байна. Гэхдээ хэрэглэгчдийн гар дээр жижиглэнгээр очих үнэд өөрчлөлт орохгүй юм. Түүнээс гадна манай улс дотооддоо газрын тосны хайгуул хийх эрхийг хоёр компанид олгожээ. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг томоохон компаниудын нэг болох “Магнай трейд” болон Хятадын нэг компанид хайгуулын эрх өглөө.
Ц.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин