МАН-ын ахмадууд шинэчлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

МАН-ын ахмадууд шинэчлэлийг дэмжинэ

Монгол Ардын намын 1000 ахмад өчигдөр чуулж, улс орны ирээдүйн хөгжил, сайн сайхны төлөө хэрхэн хичээн, зүтгэж ажиллах талаараа санал солилцлоо. Ардын нам XXVI их хурлаараа өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, улс төрийн амьдралд бодит дүгнэлт хийж, ирэх 20 жилийн хөгжлийн бодлогоо нийт гишүүд, дэмжигчдийнхээ санаа бодолд тулгуурлан гаргасан. Ийнхүү их хурлаасаа гаргасан шийдвэр, санал санаачилгаа сурталчлах зорилгоор Ардын намын дэргэдэх Ахмадын холбоо “Шинэчлэл, манлайлал, хөг­жил” уриатайгаар энэхүү мянган ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулав. Уг уулзалтад нийслэлийн алслагдсан  Налайх, Бага­хангай, Багануур дүүргийн ахмадууд ч хүрэлцэн иржээ. Мөн намын удирдлагуудтайгаа санал бодлоо солилцох, тэдэнд үгээ хэлэх хүсэлтэй олон ахмад цугларсан байв. Их хурлаараа уугуул нэрээ сэргээх шийдвэрийг гаргасны дараа “МАХН гэдэг нэрийг ашиглана” хэмээн зарим хүмүүс асуудал үүсгээд байгаа. Харин 1000 ахмадын уулзалтын үеэр намын ахмад гишүүд “Намын нэр солих асуудал хэдийнэ шийдэгдсэн. Ийм үед намын гишүүдийн толгойг эргүүлэх, дахин нам байгуулах гэсэн оролдлого хийж байгаа нь буруу” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэд зөвхөн намын нэрийн тухай ярьсангүй. Намын төлөө олон жил ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж буй ахмадууд “Нам шинэчлэл, манлайллыг уриалж байгаа нь зүйтэй. Бид ч энэ саналыг нь дэмжин хийж чадах бүхнээ зориулах болно” гэдгээ илэрхийлж байсан юм. Мянган ахмадын чуулга уулзалтад Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд үг хэлсэн. Тэрбээр “Ардын намын их хурал улс орны өмнө ямар үүрэг хариуцлага хүлээж байсан. Одоо ямар үүрэг хүлээх ёстой юм гэдгийг дүгнэсэн үйл явдал болсон. Их хурлаараа бид зөвхөн намынхаа тухай бус улс орныхоо хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлсон юм. Одоо бага ярьж, ихийг хийж бүтээх цаг болсон. Энэ их бүтээн байгуулалт монгол хүний сайн сайхны төлөө байх болно. Ардын намын ойрын зорилт бол монгол хүнийг ажилтай, орлоготой байлгах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Намынхаа 90 жилийн ойн өмнө намынхаа байрыг ашиглалтад оруулна. Намын байраа бид “Тусгаар тогтнолын ордон” хэмээн нэрлэж, тусгаар тогтнолын музейг байгуулна. Тиймээс цаашид хийж бүтээх их ажлын үед намын ахмадууд та бүхэн санал бодлоо илэрхийлж, өмөг түшиг болохын ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм. Мөн уулзалтын үеэр Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав намын нэр, үзэл баримтлал, улс орныг хөгжүүлэхэд юун дээр анхаарах талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед МАХН Ардын нам болсны төлөө зарим хүмүүс боож үхэх гээд, зарим нь баярлаад яваад байгаа. Уугуул нэрээ сэргээж, олдмол нэрээсээ салж байгаа нь яагаад муу гэж. “Хувьсгалт” гэдэг үгэнд хайр зарлаад байх хэрэг байхгүй. Миний бодлоор “хувьсгалт” гэдэг үгэнд дөрөөлөн сонгуулиар гарах гэсэн бодолтой байх шиг байна. Ер нь өнгөрсөн юм эргэж ирдэггүй. Тэгэхээр өнгөрсөн цагийг бодох хэрэггүй. Санан, санан мөрөөдөөд ч хэрэггүй, саравчлан, саравчлан хараад ч нэмэргүй байхад яагаад ингээд байгаа юм. Манай нам Ардын нам болсноор муудсан зүйл алга. Үүрэг, зорилгоо тодорхойлж байна. Шинэчлэлийг уриаллаа. Ийм үед намын нэрийн тухай маргаан гарган хөгшид, хүүхэд хоёроор тоглож болохгүй л санагдаж байна. Мөн нам үгээ хэлэх өөрийн гэсэн индэртэй болмоор байна” хэмээн ахмадууддаа хэлж, уриалж байлаа. Энэ үеэр намын ахмад гишүүд нэрийн талаар ярихаас гадна хөгжлийн төлөө юу хийж болох тухай саналаа намынхаа удирдлагуудад хэлсэн юм. Чухал санал хэлсэн хүний нэг бол намын ахмад гишүүн Н.Жамсран. Тэрбээр “Их хурлаар шийдвэр гаргаж, уугуул нэрээ сэргээхийг шийдсэн. Үүний төлөө олон зүйл ярьж, хэлэх зүйл байхгүй. Нэгэнт шийдвэр гарсан. Харин манай улс хөдөө аж ахуйн салбартаа илүү анхаарах цаг ирээд байна. Бид “Атрын III аян”-ыг хэрэгжүүлснээр энэ жил дотоодынхоо хэрэгцээг хангаж чадсан. Тиймээс одоо малчдадаа анхаарч, малчдын хоршоолол байгуулах хэрэгтэй. Ингэж нэгдсэн хоршоололд оруулвал махны үнэ нэмэгдэх сөрөг зүйл гарахгүй” гэлээ. Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Мишигдорж “Намын нэрийг тойрч намыг үймүүлж байгаа нь сонин байна. Энэ бол намыг дотроос нь бутаргах гэсэн л үйлдэл. Үймүүлэх гэж оролдсон хүмүүст өөр сонирхол байгаа нь ойлгомжтой. Зөвхөн нэр дээр дулдуйдаж болохгүй. Нэр солигдсон ч нам бол хэвээрээ байна. Намын төлөө ажиллах гээд байгаа юм уу, нэр нь ямар байх нь чухал байгаад байна уу. Нэртэй холбоотой асуудал үүсгээд байгаа хүмүүс мэдээлэл муутай ахмадуудад нөлөөлж байна. Хүмүүсийн хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулсанд гол бурууг өгч байгаа.

Харин тухайн үед үүнээс өөр арга, зөв зам байгаагүй. Тиймээс хийж бүтээхийг зорилгоо болгож байгаа намынхны дунд буруу ойлголт төрүүлж, гишүүдийг нь намын эсрэг хандуулж болохгүй. Үүнд ахмадууд бид анхаарах хэрэгтэй. Намын удирдлагууд олон түмэн ахмадуудтайгаа холбогдох гэж байнга оролддог. Энэ бол сайн зүйл” хэмээв.  

Ардын нам их хурлаараа нийт гишүүдийн 81.3 хувийн саналаар уугуул нэрээ сэргээсэн. Энэ бол маргашгүй үнэн. Намын ахмад ги­шүүд намын их хурлаар гаргасан шийдвэрийн бие­лэлтийг харж, хянах үүрэг гүйцэтгэхээ хурлын үеэр хэлж байсан. Бусад намыг бодвол шинэчлэлийг хийнэ, алдаа, оноогоо засч залруулна хэмээн дуугарч байгаа удирдлагуудаа сай­шааж байлаа. Харин гагцхүү шүүмжлэлийг хүлээн авч, маргааныг ухаалгаар шийд­вэрлэж, урагшаа харж, хөгж­лийн төлөө зүтгэх хэрэгтэйг сануулсан. Олон жил ярьсан шинэч­лэлийг эхлүүлж байгаа нь намын удирдлагуудын зөв бодлого, ухаалаг шийд­вэртэй холбоотой гэдгийг ч энэ үеэр онцолж байсан юм. Мянган ахмад Ардын намынхаа үйл хэрэг, цааш­дын үйл ажиллагааных нь төлөө санаа зовниж, санал хэлж, хүрэлцэн ирсэнд нь намын удирдлагууд талархал илэрхийлж байлаа. Энэ өдөр үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй олон ахмад гишүүн байсан. Үг хэлж, саналаа илэрхийлнэ гэдэг тэдний хувьд намынхаа төлөө хийж байгаа хувь нэмэр нь юм. Намаа олон жилийн турш авч явсан ахмад ги­шүүдийн үгийг сонсч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэг намын хувьд ч хэрэгтэй зүйл юм. 
 
“Шинэчлэл, манлайлал, хөг­жил” уриатай Мянган ахмадын уулзалтын үеэр гарсан санал болон намын нэртэй холбоотой маргааны талаар Ардын намын на­рийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас хэдэн зүйл тодрууллаа.

-МАХН уугуул нэрээ сэргээн Ардын нам болсноос хойш “МАХН-ын түр штаб” байгуулан “хувьсгалт” гэ­дэг үгийг авч үлдэх ёстой хэмээн үзэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Үүнтэй холбоотой маргаан ч их гарах боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Уугуул нэрээ сэргээсэн асуудал нэгэнт шийдэгдсэн. Намын асуудлыг шийддэг хамгийн том үйл явц бол их хурал. Энэ утгаараа их хурлаараа шийдвэрээ гаргасан. Манай намын гишүүд ч бүгд дэмжиж байгаа. Өнөөдрийн /өчигдрийн/ мянган ахмадын уулзалтын үеэр мөн л энэ тухай ярьж байна. МАХН гэдэг нэрийг авч үлдэнэ гэж байгаа хүмүүс сонгууль ойртсонтой холбоотойгоор улстөржүүлж байгаа хэрэг. Зөвхөн хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Намын нэр юу нь болохоо байчихаад ингээд байгааг жирийн гишүүний хувьд ойлгохгүй байгаа. Гэв гэнэт “хувьсгалт” гэдэг үгэнд хайртай болчихов уу. Энэ асуудлыг тавьж байгаа хүмүүс манай намд хайртай хүмүүс биш. Улс орны эдийн засгийн асуудал, хөгжлийн талаар ярья гэхээр зөвхөн нэрэн дээр тулгуурлаад үймүүлж байна. Эдгээр хүмүүс намын төлөө, улс орны төлөө юу хийсэн юм бэ. Намын гишүүдийн зүгээс намын нэрийн талаар яриад яваад байгаа хүмүүст хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй гэж ярьж байна. Иргэд бидэнд олон санал хэлж байгаа. Ц.Шинэбаяр гэж үг дуугардаггүй гишүүн яагаад гэнэт ингээд байгаа нь сонин байна гэх хүмүүс ч олон байгаа.

-Намын ахмад гишүүд намын удирдлагууд шинэч­лэл хийнэ гэж ярьж байгаа. Харин үүнийг намын ги­шүүд, дэмжигч, иргэдэд ойл­гомжтой болгож, таниулах хэрэгтэй байна гэсэн санал гаргаж байсан?  

-Энэ бол маш чухал асуудал. Гишүүд, дэмжигч, иргэдэд ойлгуулах, соён гэгээрүүлэх хэрэгтэй. Намын удирдлагуудын зүгээс их ярих бус ихийг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Уул уурхай дээрээ тулгуурлаад хөгжих сайхан боломж харагдаж байна. Үүнийг зөвөөр харж иргэдээ ажил, орлоготой болгоход анхаарах шаардлагатай. Улс төр, нийгмийн ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажил Ардын намын зүгээс хийж байгаа. Залуусын хувьд гэвэл мэдээллийг гаднаас авч байна. Үүнээс харахад бид дэлхийн хэмжээнд яваа гэж ойлгож болно. Сонгуулийг ард түмэн хэрхэн өгч, хэний зөв гэдгээ ч мэдэж байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөр хуучин 20,30 хуудас байсан. Харин одоо намын эрмэлзэх зүйлийг гаргаснаар хүмүүс уншихад хамаагүй хялбар, ойлгомжтой болсон. Мянган ахмадын чуулга уулзалтад ирсэн намын ахмад гишүүдээс намын дотор болж байгаа үйл явдал, улс орны хөгжлийн төлөө нам хэрхэн зөв бодлогоор ажиллах ёстой талаар санал бодлыг нь сонслоо.
 
Ерөнхий сайд асан Д.СОДНОМ:

-Ардын нам болсон нь зөв. Хамгийн гол нь намын цэгцтэй, алсыг харсан бодлоготой байх хэрэгтэй. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой. Энэ нь өөрөө шинэчлэлийн нэгдүгээрт тавигдах зүйл юм. МАХН гэдэг нэрийг авч үлдэх гээд байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа.
 
Ардын намын ахмад гишүүн Л.ДАШДЭНДЭВ:

-Намын ардчилсан зарчим бол цөөнх нь олонхидоо захирагдах ёстой. Нэгэнт нийт гишүүдийн 80 гаруй хувь уугуул нэрээ авна гээд шийдчихсэн байхад цөөнх гишүүд нь “үгүй” гээд зүтгээд байж болохгүй. Ялангуяа Н.Энхбаяр бол цөөнх нь олонхидоо захирагдах ёстой гэдгийг хамгийн сайн мэдэж бүр өөрөө ухуулж байсан хүн.

Ардын намын ахмад гишүүн Р.ПҮРЭВДАВАА:

-Намын нэрээ сольсон зүйл биш. Уугуул нэрээ сэргээсэн. Тиймээс үүнд буруу зүйл байхгүй гэж бодож байгаа. Намын их хурлаас таван зүйлийг дэвшүүлсэн. Харин дэвшүүлсэн зүйлээ биелүүлэх л хэрэгтэй. Үүний төлөө ч ахмадууд бид чадах бүхнээрээ дэмжих нь зүйтэй.

Ардын намын ахмад гишүүн Ц.БУЛГААНИГ:

-Хуучин нэрээ сэргээн авч байгаа нь дээр. Би намын 1991 оны гишүүн. Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн үүрүүд МАХН хэвээр байх ёстой гэж яриад байгаа юм билээ. Үүнийг буруу л гэж үзэж байна. Нэгэнт их хурлаараа шийдсэн хойно дараа нь ийм яриа гаргах хэрэг байхгүй. Энэ зүгээр л албан тушаал хөөсөн л үйлдэл байх.     Улс орны хөгжлийн төлөө ажиллах ёстой намын гишүүд үүрэгт ажлаа хийхгүй байна.

 Ардын намын ахмад гишүүн Д.МЭНДЭЭ:

-Сүүлийн үед МАХН, Ардын нам гээд л маргах болжээ. Миний хувьд Ардын нам гэдэг нэрээ сэргээн авч байгааг нь буруутгахгүй. Зөв. Би энэ намд элсээд 40-өөд жил болж байна. Намын шинэчлэлийг эхлээд намын гишүүд, дэмжигч, иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж чадвал одоо үүсээд байгаа маргааныг зогсооно байх. Зарим нэгэн хүмүүс намын төлөө ажиллахаасаа илүү хэн нэгний эрх ашгийн төлөө ажиллах хэрэггүй.

Ардын намын ахмад гишүүн Н.ЧУЛУУНЦЭЦЭГ:

-Их хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх хэ­рэгтэй. Ахмадууд гэхээсээ илүү залуучууд уг шийдвэрийг анхаарч ажиллах ёстой.  Намын ахмад гишүүдийн тухайд хийж чадах бүхнээ намдаа зориулсан. харин цаашид хийх шаардлагатай зүйлийг хэлэх үүрэгтэй гэж ойлгодог. Нэрийн тухайд хуучин нэрээ сэргээсэн нь зөв. Энэ талаар маргаад түр штаб байгуулаад байгаа хүмүүсийг гайхаж байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж