Д.Нэргүй: Инноваци энгийн зүйлээс эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Д.Нэргүй: Инноваци энгийн зүйлээс эхэлдэг

-Инноваци хэмээх ойлголтыг маш олон янзаар тодорхойлдог. Мэр­гэжлийн хүний хувьд та хам­гийн энгийнээр тайлбарлахгүй юу?

-Энэ нэр томъёо монгол хэлний үг­сийн санд орж ирээд удаагүй ч цоо шинээр гарч ирсэн зүйл бас биш л дээ. Инноваци гэдэг ойлголт хэдэн зуу, мянган жилийн өмнө байж л байсан. Ер нь маш энгийн ойлголт. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийг л “инноваци” гэж зарим эрдэмтэн тодорхойлсон байдаг. Мөн “Аливаа шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхийг инноваци гэнэ” гэж ч тодорхойлсон байдаг. Инноваци энгийн жижиг зүйлээс эхэлдэг. Жи­шээлбэл, монголчуудын дийлэнх хувь нь монгол гэрт амьдардаг. Тэд янз бүрийн хэлбэртэй гар нүүрийн угаа­гуур ашигладаг. Зарим нь хэрэг­лэхэд их тохиромжтой. Энэ бол инно­вацийн энгийн жишээ. Шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхийн гол ач хол­богдол нь илүү нэмүү өртөг, үр ашиг, бүтээмж, нийгмийн үнэ цэнэ бий болгодогт оршдог гэж товчхон хэлж болно.

-Тэгвэл инновацийг нийгмийн аль ч шатанд хэрэгжүүлэх боломж­той гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, бизнесийн байгууллагууд иннова­цийн бодлого амжилттай хэрэгжүүлж, дэвшилтэт технологи ашигласнаар бүтээгдэхүүний чанараа сайжруулж чадна. Ингэснээр худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хангах, шинэ зах зээл бий болгох, зардал хэмнэх, аль болох бага эрчим хүч ашиглаж, байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг үр дүнд хүрч болох юм. Энэ утгаараа инноваци нь хувь хүн, өрх гэр, албан байгууллагын түвшинд төдийгүй улс үндэстэн, бүс нутаг, дэлхийн хөгжлийн суурь гэж хэлж болохуйц өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой байдаг.

-Инновацийн бодлогыг буруу хэрэгжүүлснээс га­рах хор хохирол гэж байх уу?

-Хэрэв баял­гийн хуваарилалт, дахин хуваа­ри­лал­тыг зохистой, нийг­­мийн шударга ёсны үндсэн дээр хийж чадаагүй то­хиолдолд асуудал үүснэ. Шударга бус зарчмаар бий болсон нэ­мүү өртгөөс цөөн тооны хү­мүүс хүртээд бай­вал тэгш бус байд­лыг улам нэмэг­дүүлдэг. Иймд аливаа өөрчлөлт ши­нэчлэл, шинэ са­наачилга, ялан­гуяа улс орны түв­шинд хийж буй шинэчлэлийн асуудлыг нухац­тай авч үзэх шаард­лагатай. Нөгөө­тэйгүүр, инноваци болгон сайн гэж үзэхэд бас хэцүү. Учир нь зарим нээлт, өөрчлөлт, шинэчлэл хүсэн хүлээгээгүй сөрөг үр дүнд хүргэж байсан олон жишээ бий. Тухайлбал, хими, физикийн салбарын зарим нээлт олон мянган хүний аминд хүрч байсан тохиолдлууд байдаг. Өдгөө ч ийм тохиолдол олон гарч байгаа. Шинэлэг зүйлийг хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө, хүний хөгжлийг гол зорилгоо болгосон, нийгмийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлэх нь чухал.

-Монголд инновацийг хөгжүүлэх боломж хэр байна вэ?

-Манай улсын төр, засаг сүүлийн үед энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүнд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо багагүй хувь нэмэр оруулж байгаа. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт гэж гарсан. Бид цаашид энэ чиглэлд их зүйл хийх шаардлагатай. Үндэсний эрдэмтэд, бизнесийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ШУА, түүний харьяа байгууллагуудад хангалттай төсөв хуваарилах замаар технологийн мэдээллийн сантай болгох, бусад улсын эрдэмтэдтэй болон бизнесийн салбартай хамтран ажиллах боломжийг хангах явдал чухал байна. Их, дээд сургуулиудын сургалтын арга барилыг өөрчилмөөр байна. Их, дээд сургууль төгссөн оюутнууд амьдрал практикаас дэндүү хол мэргэжилтэн болон төгсч ажил, амьдралд хөл тавьж байгаа нь бүтээмж өсөхөд саад болж байгаа нь маргашгүй үнэн. Энэ талд бусад улсын олон сайхан туршлага байгааг шууд аваад ашигласан ч болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үүргийг өндөржүүлэх хэрэгтэй байна. Манай улс зөвхөн байгалийн баялгаа ашиглах замаар бус, дэлхийд тэргүүлэх боломжтой өөр салбар байгаа эсэхээ судалж, уг салбараа хөхиүлэн дэмжих шаардлагатай. Арга хэлбэрээ өөрчилж чадвал боломж хангалттай бий.
 
-Өнөөдөр аль улс инновацийг хамгийн үр дүнтэй хөгжүүлж чадаж байна вэ?

-Инновацийн хөгжилд ач холбогдол өгч, төрийн бодлогоор дэмжсэнээр улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн, улмаар иргэдийнхээ амьдралын түвшинг эрс дээшлүүлж чадсан улс олон бий. Өмнөд Солонгос, Нидерланд, Канад, Англи, АНУ, Швед, Франц, Япон, Герман, Австрали улс инновацийн хөгжлөөр дэлхийд эхний аравт орж байна. Өмнөд Солонгос улсын хувьд, технологийн инновацид ач холбогдол өгч чадсанаар эдийн засгаа хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн. Тус улс 1960-аад оны үед дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг байсан бол технологи дамжуулалтыг төрийн бодлогоор дэмжиж, гадаадаас оруулж ирсэн технологийг өөрчлөн шинэчлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан. Нидерланд, Канад зэрэг улсын хувьд мэдлэгт суурилсан эдийн засгийн загварыг хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн гэдэг. Сингапур улс эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхой болгож, тэр салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хийх замаар хөгжсөн түүхтэй. Мөн авлигаас ангид байж, төр нь иргэддээ жинхэнэ утгаараа үйлчилдэг байх явдал шударга өрсөлдөөнийг бий болгоод зогсохгүй инновацийг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог гэдгийг олон улсын туршлага харуулж байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж