Нийслэлийн агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс 10 дахин их байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга энэ жилээс нийслэлийн зарим дүүргүүдийн 100 гаруй хороонд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Харин энэ удаа нийслэлийн Агаарын чанарын албанаас утгааг багасгах зорилтын хүрээнд авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зорилготойгоор хяналт, шинжилгээ хийхээр болжээ. Автомашинаас ялгарах угаарын хий стандартаас хэтэрсэн тохиолдолд зөрчлийг арилгуулахаас эхлээд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураан авах хүртэл арга хэмжээ авах аж. Үүний тулд Замын цагдаагийн газарт Англи улсад үйлдвэрлэсэн гар багажаас 15 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна. Тус багажийг одоохондоо туршилтын журмаар хэрэглэж байгаа бөгөөд Монгол Улсын МNS 5013:2009 стандарт дахь угаарын хийн дээд хэмжээтэй харьцуулан хэмжих юм байна. Тус газар гар багажаар автомашины угаарын хий, дутуу ислийг хэмжих ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Ш.Оюун