Хүнсний үнийн хямрал хаалга тогшиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хүнсний үнийн хямрал хаалга тогшиж байна

Дэлхийн үр тарианы ур­гац энэ жил 63 сая тонноор буурчээ. Үүнд ОХУ-д хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарч, Пакистанд их хэмжээний үер болсон зэрэг нь хамгийн ихээр нөлөөлсөн байна. Иймэрхүү байгалийн гамшиг тохиолдоогүй бол энэ онд үр тариан талбай 1.2 ху­виар нэмэгдэнэ гэх тооцоог НҮБ-ын шинжээчид гаргаж байсан юм. Гэвч эсрэгээрээ ургац хураалт хоёр хувиар буурчээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан эдийн засагч Абдолреза Аббасшн “Энэ  жил ургац муу гарснаар дэлхий дахинд хүнс­ний шинэ хямрал бий болох аюул улам ойртож байна. Хэдийгээр яг одоо хямрал хараахан болчихоогүй байгаа ч хэзээ мөдгүй хаалгаар орж ирэх болчихлоо” хэмээн мэ­­дэгдсэн байна. 

Дэлхий ний­тэд хүн амын өсөлт хур­дацтай нэмэгдэж байгаа. Гэтэл үр тарианы талбайн хэмжээ багассаар байгаа нь үүний тайлбар юм. Цаашлаад хүнсний бүтээгдэхүүний зах зээлд үнийн хөөрөгдөл бий болж байна. Энэ нь 2007, 2008 оны үеийнхээс хэд дахин өндөр түвшинд хүрсэн нь хүнсний нөөц хомсдож байгаагийг нэг илрэл юм. Ирэх онд улаан буудайн ур­гац 3.5, эрдэнэ шиш зургаан ху­виар нэмэгдэж байж сая нэг юм хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувь­цааны үнийн хөөрөгдөл үүсэ­хээс зайлсхийх  боломж­той болно.
Дэлхийн хүнсний ний­лүүлэлт буурч байгаа энэ үед гол түүхий эд болох эрдэнэ шиш, наранцэцгийн тосны урт хугацааны эрэлт нэмэгдэж байна. Түүнчлэн дэлхийн эр­­дэнэ шишийн ургацын до­лоон хувь нь спиртийн үйлд­вэрлэлд хэрэглэгддэг аж. НҮБ-ын шинжээч Хафез Ганем “Энэ бол маш их тоо. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг доргиож, үнийн огцом хэлбэлзэл авчрахад нөлөөлнө гэдгийг баттай хэлэх байна” гэжээ. АНУ-д л гэхэд спиртийн үйлдвэрлэл явуулахад ашиг багатай байхаас гадна Засгийн газрынх нь дэмжлэг, татаас буурч байгаа билээ. Тиймээс улаан буудай, эрдэнэ шишийн гарц багассан нь спиртийн үйлдвэрлэл буурахад нэлээд их хэмжээгээр нөлөөлөх юм. Энэ онд олон улсын хүнсний бүтээгдэхүүний импорт нэг их наядаар нэмэгдэнэ гэх тооцоо байгаа. Энэ нь 2008 онд болсон хүнсний хямралаас хойшхи хамгийн өндөр дүн юм.

Хүнсний үнийн хямрал болоход хүн амын өсөлт нөлөөлнө гэдгийг дээр дурьд­сан. Австралийн эрдэмтэн Жулиан Крибб “Энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хүнс­ний нөөц хаанаа ч хүрэхээ байна” хэмээн тодорхойлжээ. Түүнийхээр бол 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.2 тэрбум болж өснө. Үүнээс болж хүнсний бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэх шаардлагатай хүссэн, хүсээгүй тулгарах болно гэсэн юм.

Өнгөрсөн аравдугаар сард Хятадад инфляци 4.4 хувьтай гарсан. Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн гэдгийг тус улсын шинжээчид нотолсон. Тэгээд олон улсын зах зээл дээр үнийн өөрч­лөлтийг зохицуулахын тулд  нөөцөө дэлгэсэн нь бий. Зөвхөн Хятад тэгсэнгүй. Унгар тэргүүтэй Европ, Бра­зиль тэргүүтэй Латин Аме­рикийн орнуудад ч ийм бай­дал давтагдаж байна. Тэнд хүнсний бүтээгдэхүүний гол түүхий эдүүдийн үнэ нэ­мэгд­сэнээс болж инфляци өсчээ.

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал байгалийн гамшигт үзэгдлүүд гарахад хүргэж байгаа. Үүнээс болж удахгүй хүнсний бараа бү­тээг­дэхүүний үнэ 130 хувиар өсөх магадлалтай болсон. Олон улсын хүнсний бодлогын институтээс гаргасан тоо­цоо­гоор 2050 он гэхэд дэлхийн агаарын дундаж дулаан нэг хувиар нэмэгдэх аж. Үүнээс болж үр тарианы ургац улам буурч, нөөц хомсдох аюул­тай гэдгийг албан ёсоор анхааруулсан байна. Тиймээс удахгүй Мексикийн Канкун хотод болох НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн талаар хэлэлцэх хурлын үеэр хүнсний асуудлыг ярьж магадгүй юм. Урьдчилсан тооцоогоор ойрын хугацаанд эрдэнэ шишийн үнэ 130 хувиар өсөх магадлалтай аж. Цагаан будаа 78, улаан буудайн үнэ 67 хувиар нэмэгдэнэ.

Сүүлийн хэд­хэн долоо хоногт улаан буудай, эрдэнэ шишийн үнэ 30 орчим хувиар өсч, мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн 20 жил дэх шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэ талаар “Ройтерс” агентлаг улам­жил­жээ. Энэ онд улаан буу­дайн ургац өнгөрсөн оныхоос 5.5 хувиар буурсан тухай АНУ-ын шинжээчид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Хүнсний үнэ энэ хэвээр цаашид өссөөр байх бололтой. Өнгөрсөн сард Музамбекэд үнийн хөөрөгдлөөс болж улс төрийн үймээн самуун үүсч, 12 хүн амиа алдсан тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байсан. Ядуу буурай орнуудад ийм байдал газар авна гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зойллик “Хүнсний зах зээлийн тогтвортой байдал алдагдаж байгаагаас мөргөлдөөн гарч болзошгүй. НҮБ үүнд хам­гийн их санаа зовж байна” хэмээн тайлбарлажээ. Кень, Уганда, Нигерия, Индонез, Бразиль, Филиппин зэрэг орнуудад саяхан болсон ган гачиг, үерийн улмаас ирэх оны хүнсний нөөц нь нэлээд хэмжээгээр буурсан аж. Ямартай ч сүүлийн зургаан сард улаан буудайн үнэ 57, цагаан будаа 45, элсэн чихэр 55 хувиар өсчээ. Эрдэнэ шишийн үнэ сүүлийн 16 сар дахь дээд түвшинд хүрсэн байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж