Айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын Тайландын вант улсад хийж буй албан ёсны анхны айлчлал  үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр өдрийн үдээс өмнө Тайландын вант улсын Гадаад хэргийн сайд Касит Пиромятай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Абхисит Вежаживад бараалхав.

Яриа хэлэлцээний эхэнд хоёр сайд өөрийн орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар харилцан танилцуулж, хоёр талын өнөөгийн харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн болон олон талт үйл явцын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Тайландын Гадаад хэргийн сайд Тайланд улс ардчиллыг цогцлоох үйлсэд үнэнч явж ирсэн бөгөөд удахгүй “нас гүйцсэн” ардчилсан улс болно гэж үзэж буйгаа илэрхийлж, тус улсын Засгийн газар шинэ таван жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг ядуурлыг бууруулах, нийгмийн чиглэлээр батлан хэрэгжүүлж буйг мэдээлэв. Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ айлчлал нь хоёр орны өнөөгийн харилцааны түвшинд цаг үеэ олсныг онцлоод цаашид хоёр тал олон улсын тавцанд ардчиллын зарчим, үнэт зүйлсийг хэрэгжүүлэхийн төлөө, харилцан дэмжлэг бүхийгээр хамтран ажиллахыг, хоёр талын харилцааны хувьд манай талын сонирхож буй уул уурхай, хөдөө аж ахуйн машин механизм, барилга, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрийн салбар төдийгүй гоёл чимэглэл, шашин, соёлын чиглэлээр хамтран ажиллах саналыг тавив.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр тал өнөөдөр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх таатай нөхцөл бүрдээд буйг тэмдэглээд хамтын ажиллагааны санал, чиглэлийг тодорхойлох, уул уурхай, хөдөө аж ахуйн машин механизм, мэргэжилтэн Тайландаас нийлүүлэх хүсэлтэй буйг илэрхийлсэн бөгөөд Тайландын тал манай хүсэлтийг нааштай хүлээн авч цаашид ажлын хэсэг харилцан илгээхээр болов. Тайланд улс мөн техникийн хамтын ажиллагаа, туслалцааны хүрээнд буюу “ТАЙКА” байгууллагын шугамаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тайландын Гадаад хэргийн сайд П.Касит бол 1992-1995 онд Монгол Улсыг Москва хотоос хавсран сууж байсан Элчин сайд бөгөөд Монгол-Тайландын харилцааг хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн, тухайлбал, 1992 онд Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүн юм.

Сайд Г.Занданшатар Тайландын вант улсын Ерөнхий сайд Абхисит Вежаживад бараалхан манай улс ирэх жил Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалахыг мэдэгдэж, Монгол Улсын Засгийн газар АСЕАН-ы орнууд, түүний дотор нэр нөлөө бүхий Тайланд улстай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо нэг тэргүүн чиглэл болгож буйг илэрхийлэв. Ерөнхий сайд В.Абхисит АСЕАН-ы бүс нутаг интеграцийн явцад худалдаа, техникийн хамтын ажиллагааны чухлыг онцлоод манай улстай мөн олон талт харилцаа, олон улсын асуудлаар хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Үдээс хойш Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Худалдааны орлогч сайд Алонкорн Полабутртай уулзаж монголын тал хоёр талын харилцааг худалдааны салбарт өргөжүүлэх, уул уурхай, аялал жуулчлал, бага оврын трактор, хөдөө аж ахуйн машин механизмын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн хамт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгох, мөн түүнчлэн зах зээлийн шинэ боломжийг эрэлхийлэх, тухайлбал, монголын ноолуур, тайландын торгыг нийлүүлсэн бүтээгдэхүүн гаргах санал тавив.  Орлогч сайд П.Алонкорн манай талын санал санаачилгыг дэмжиж, ноолуур-торгон бүтээгдэхүүнийг “брэнд” болгох боломжтойг дурдаад, хамтарсан комисс байгуулах саналыг Засгийн газартаа уламжлахаа мэдэгдэв хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж