ХЭҮК хангалттай ажиллаагүй гэдгээ зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

ХЭҮК хангалттай ажиллаагүй гэдгээ зөвшөөрөв

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох зорилгоор “Хүний Эрхийн Үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг  өчигдөр  ХЭҮК-оос зохион байгууллаа.  Уг арга хэмжээний үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдоржоос дараахи асуултад хариулт авлаа.

-Олон Улсын хүний эрхийн өдрийг угтан чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг явуулж байна. Ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?

-Олон Улсын  хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагатай өчигдөр Хүний Эрхийн Үндэсний  Комисс байгуулагдсаны арван жилийн ойг тохиолдуулан  санал бодлоо солилцож, уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагын гол зорилт өнгөрсөн арван жилийн хугацаанд ХЭҮК хэрхэн ажилласан, эрхзүйн орчин ямар байв, иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилласан  талаар  дүгнэлт өгч цаашид хэрхэн ажиллах талаар нээлттэй ярилцлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах талаар багагүй зүйл хийсэн. Гэвч шаардлага хангах төвшинд ажиллаагүй. Энэ нь олон талын хүчин зүйл нөлөөлсөн гэдэг нь өчигдрийн уулзалтаас харагдаж байна. Бид цаашид хэрхэн хамтарч ажиллах,  хэтийн зорилт тодорхойлох талаар харилцан ярилцлаа.

-Иргэний нийгмийн байгууллагатай ХЭҮК  яг хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хүний эрх гэдэг бол маш өргөн хүрээтэй асуудал. Хүн бүр арьсны өнгө, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг, болон бусад байдлыг үл харгалзан сайн сайхан амьдрах, жам ёсны эрх, эрх чөлөөгөө эрх тэгш эдлэх боломжийг олгоход  түшиглэж ажиллах байгууллага бол Иргэний нийгмийн байгууллагууд юм. Эдгээр байгууллага Хүний эрхийн үндэсний комиссын ажилд хөндлөнгөөс хяналт тавих болж, бүтэхгүй асуудал дээр үгээ хэлдэг байх нь  нэлээд ач холбогдолтой. Ер нь хүний эрхийг ярихгүй салбар гэж байхгүй. Тиймээс хүний эрхийг баталгаажуулахад цаашид Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах зорилгоо тодорхойлох, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрчтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагыг  урамшуулах зэргээр нягт уялдаа холбоотой ажиллана.

-Долдугаар сарын 1-ны үеэр олон хүний эрх зөрчигдсөн нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Тэгэхээр энэ үеэр эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хамгаалах талаар  цаашид хэрхэн ажиллах вэ?

-Хүний Эрхийн Үндэсний комиссоос Долдугаар сарын 1 ба Хүний эрх гэсэн илтгэлийг  бичиж УИХ-д өргөн барьсан. Одоогоор илтгэлийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх шатандаа явж байна. Уг илтгэлт тухайн үед хүний эрх хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг нэлээд судалгаа баримт дээр тулгуурлаж гаргаж ирсэн. Ер нь долдугаар сарын 1-ний асуудал юунаас үүдэлтэй вэ гэдгийг илтгэлд тусгасан. Сонгуулийн үймээн самуун улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг тодорхой тусгасан. Сонгуульд оролцсон намууд хуулиа хэрэгжүүлээгүй, будлиан үүсгэсэн. Энэ нь үймээн гарах хүчин зүйл болсон. Сонгогчдын хувьд үзэл бодлоо илэрхийлж жагссан нь буруу биш юм. Гэхдээ энэ нь цаашаа даамжирч дээрэм тонуул зэрэг хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй болсон нь хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг боловсронгүй болгох, улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн сонгуульд хуулийн дагуу шударга оролцдог байх зэрэг эрхзүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Ер нь долдугаар сарын 1-ний үйл явдал цаашид ч яригдах асуудал. НҮБ-д манайхаас тавьсан илтгэлд долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний амь эрсэдсэн явдалд  хэн гэдэг бие хүн буудсан гэдэгт ач холбогдол өгөөгүй. Ямар албан тушаалтан буруутай, хэн тушаал шийдвэр өгсөн бэ гэдэг асуудлыг тавьсан. Хувь хүн хэн байсан бэ гэдэг асуудал нь гол биш. Цагдаагийн байгууллага зэвсэг хэрэглэсэн байна гэдэг асуудлыг тусгасан.

-НҮБ манай улсаас илгээсэн хүний эрхийн талаархи илтгэл тусгасан долдугаар сарын  1-ний  үйл явдлын талаарх асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандсан гэсэн. Энэ талаар тодруулбал?

 -Одоогоор  албан ёсоор зөвлөмж ирээгүй байна.

Н.Түвшин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж