Сонсголын согог оюуны хомсдлын эрт үеийн шинж

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Сонсголын согог оюуны хомсдлын эрт үеийн шинж

Сонсголын согогтой болсон өндөр настай хүмүүс яваандаа оюуны хомсдолтой болдгийг Алцхаймерын өвчний оношлогооны  төвийн эрдэмтэд тогтоосон байна. Судлаачид сонсголын согог, ой санамжаа алдах нь хоорондоо холбоотой гэж үзжээ. Харин аль нэг нь хүнд илэрсэн тохиолдолд энэ нь оюуны хомсдлын шинж гэнэ.  Хэрэв оюуны хомсдолыг дор хаяж нэг жилийн өмнө оношлож чадвал 2050 он гэхэд энэ өвчний эрсдэлийг 10 хувиар бууруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.  Судалгаанд оюуны хомсдолгүй хүмүүсийг оролцуулсан юм. Тэднийг ой тогтоолтын болон сонсголын сорилтонд оруулжээ. Судалгаанд нийт 300 гаруй хүн оролцсоноос 125 нь бага зэрэг сонсголтой, 53 нь сонсголын согогтой, үлдсэн нь огт сонсголгүй байжээ.
Харин 11 жилийн дараа тэдгээр хүмүүсийг дахин сорилтонд оруулахад оюуны хомсдолын шинжтэй гэж оношлогдсон бөгөөд тэдний дунд Алцхаймерын өвчтэй хүмүүс ч илэрсэн байна. Сонсголын согогтой хүмүүст оюуны хомсдолтой болох эрсдэл өндөр байдаг аж. Жар болон түүнээс дээш настай хүмүүс сонсголын бэрхшээлээс үүдэлтэй оюуны хомсдолд өртсөн хүмүүсийн гуравны нэг хувийг эзэлдэг.
Түүнээс гадна сонсголын бэрхшээл нь Алцхаймерын өвчин тусах эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг байна.
Дээрх хоёр тохиолдолд нэг л шалтгаан байгааг эрдэмтэд онцолжээ. Оюуны хомсдолд хүргэж буй сонсголын бэрхшээл нийгмээс гадуурхагдах, орчноос тусгаарлагдах зэрэг олон  хүчин зүйл байгааг  дурьджээ.
Эрдэмтдийн явуулсан дээрх судалгаанаас харахад  2050 он гэхэд дэлхийн хүм амын 85 хүний нэг нь буюу 100 сая хүн оюуны хомсдол өвчинд нэрвэгдэх гэнэ. Дээрх судалгааны үр дүн Archives of Neurology сэтгүүлд нийтлэгджээ.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж