Эрчим хүчийг зах зээлийн харилцаанд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Эрчим хүчийг зах зээлийн харилцаанд шилжүүлнэ

Өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эрчим хүчний салбарт бодлого зохицуулалт хэрхэн хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос тодорхой хариулт авсан юм.
 
-Энэ салбарт бидний баримталж байгаа бодлогын гол зорилго болох гэр хорооллын агаарын бохирдол утааг багасгахын тулд анхаарал хандуулан ажиллаж байна. Уг асууд­лыг шийдэхийн тулд эрчим хүчний өртгийг гэр хороолол, орон сууц гэсэн  ялгавартай тогтоох хэрэгтэй байна. Өнөөгийн байдлаар эрчим хүчний өртгийг 2-3 төрлөөр тусгаж байгаа боловч одоогийн байдлаар эрчим хүчний кВт-ийн нэгжийн өртөг 79 төгрөг байгаа юм.  Харин энэ өртгийг шөнийн цагт бууруулан 38 төгрөг болгож гэр хорооллын айлуудын цахилгааны хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг багас­гахын тулд зориуд хоёр дахин бууруулсан байгаа. Хэрэв энэ ажил нь үр дүнгээ өгч амжилттай байх юм бол тодорхой хэмжээний санхүүжилт бий болгож,  цахилгаан халаагуурыг тодорхой хэмжээний хямдралтай үнээр гэр хорооллын айл өрхүүдэд түгээх бодлого баримтлан ажиллаж  байна.

Өнөөгийн байдлаар авч хэрэг­жүүлж байгаа ажил гэвэл “Гэрийн бүрээс” төсөл амжилттай сайн хэрэг­жиж байгаа юм. Эдгээр бүрээсүүд нь Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирэхдээ тус бүрийн өртөг нь нэг сая гаруй төгрөг боловч  хэрэглэгчдэд түгээхдээ 150 мянган төгрөгөөр худалдаж байна. Мөн бид дүүрэг болгонд тодорхой банкнаас хөнгөлөлттэй зээлээр гэрийн дулаан бүрээс авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа юм. Үүний нэгэн адилаар цахилгаан халаагуурыг гэр хорооллын айлуудад хүргэх боломж бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Цаашдаа эрчим хүчний салбар хувьчлагдах үйл явц өрнөж, тухайн салбарт  гадаадын хөрөнгө оруулагчид, байгууллага чөлөөтэй оролцох боломжтой  гэгдэж байгаа. Энэ тухайд ямар бодлого баримталж байгаа бол. Стратегийн чухал ач холбогдолтой салбар болохоор хянамгай хандах ёстой гэх хүмүүс бас байна?

 -Үүнийг  ойлгох хэрэгтэй, юм болгонд гадаадынхан авах гэж байгаа гэх мэтчлэн хэтрүүлж ярих хэрэггүй. Яагаад гэвэл Монгол Улс өөрөө дэлхий дээр оршиж  дэлхийн бусад улс оронтой харилцдаг дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс болохоор гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад улс орнуудтай өрсөлдөж байгаа. Харин стратегийн чухал ач холбогдолтой салбаруудад дотоодын байгууллагуудын хөрөнгө оруулагчдыг түлхүү татан оролцуулах бодлого баримталж байгаа. Саяхан УИХ-ын гишүүдийн санал болгож  УИХ-аар үндсэндээ анхны хэлэлцүүлэг нь яригдаж  байгаа төслийн хүрээнд хэд хэдэн чухал асуудал багтаасан багц хуулийг хэлэлцэж эхэлж  байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь ирэх 2013 оны сүүлээс эхлээд зах зээлийн харилцаанд түлш эрчим хүчний салбарыг  бүрэн шилжүүлье гэж ярьж байгаа юм.

Ер нь эрчим хүчний зохицуулах газрыг байгуулснаар эрчим хүчний шинэ хууль 2001 онд баталсан байгаа. Үүний дагуу зах зээлийн харилцаанд шилжсэн. Харин үлдээд байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэж 2014 он хүртэл аж ахуйн нэгжүүдийн хувьд үе шатлалтайгаар зах зээлийн үнэд хүргэнэ гэж байгаа юм. Өөрөөр хэбэл өнөөдөр бидний зохицуулж байгаа эрчим хүчний үнэ 79 төгрөг байгаа бол 2013-2014 онд 90 гаруй төгрөг болно гэсэн үг. Цаашлаад 100 орчим төгрөг болно гэсэн төлөв харагдаж байна. Ер нь цаашлаад эрчим хүчний үнэ өсч байгаатай холбогдуулаад ахуйн хэрэглэгчдэдээ ирэх дарамтыг тооцоолон үзэж тухайн үнийн ачааллыг багасгах үүднээс айл өрх болгонд 150 квт цаг хүртэлх үнийг одоогийн байгаа үнээр индексжүүлэн олго гэсэн заалт орсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний салбарын нийт орлогын 20 орчим хувийг нь айл өрхөөс авч байгаа цахилгааны төлбөрөөс бүрдүүлдэг. Харин энэ хувийг бүрдүүлж байгаа нийт айл өрхүүдийн 64  хувь нь 150 квт цагаас бага эрчим хүч хэрэглэдэг. Тэгэхээр энэ байгаа 64 хувь болох айл өрхийн цахилгааны өртгийг тухайн нэгж тутамд 79 төгрөгөөр хэвээр нь авч үлдээ гэсэн чиглэл баримтлах ёстой гэж үзэж байна. Харин үүний татаасанд сүүлийн хоёр жилд эрчим хүчний салбарт өгч байгаа 15 тэрбум төгрөгөө хэвээр нь авч үлдээд түлш, эрчим хүчний салбар менежментээ сайжруулж, үр ашгаа нэмэгдүүл гэсэн үүргийг УИХ-аас өгч байгаа.

-Хөдөө орон нутаг, зарим аймагт эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдолтой байгаа тухай их ярьдаг. Энэ асуудалд  ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа бол?

 -Ховд, Увс, Дорноговь, Хөтөл зэрэг газарт эрчим хүчний доголдолтой байгаа. Энэ нь тухайн аймаг орон нутгийн эрчим хүчний станцууд хувьчлагдсантай холбоотой асуудал байгаа байх. Учир нь тухайн байгууллага менежмент муу байгаагаас хамаарч, ажилчдад цалин хөлсийг нь олгож чаддаггүй, эрчим хүч үйлдвэрлэх техник хэрэгсэл муу зэргээс шалтгаалж байгаа дутагдлууд бий.
Харин уг асуудлыг шийдэхийн тулд төр хоёр дахь эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийх, эсвэл Концессын хуулийн дагуу  шинэ  эх үүсвэр барьж сайжруул гэдэг үүрэг өгч байгаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж