Багануурын уурхайд осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Багануурын уурхайд осол гарлаа

Уг осол 2010 оны 12-р сарын 7-ны өдрийн 1-ээр ээлжинд, уулын 1-р
хэсгийн ашиглалтын 1-р амнаас 1км орчим зайд нөхөн сэргээлт хийсэн
талбай дээгүүр явдаг овоолго өөд өгсөх замын хэсэгт гарсан байна. 14 цаг
20 минут орчимд хөрс тээвэрлэн өгсөж байсан САТ № 92 автомашиныг, 
хөрсөө 1-р авто овоолгод буулгаад уруудаж явсан САТ №20 автомашин
мөргөсөн байна.

Уг ослын талаархи мэдээллийг уурхайн төв диспетчер 14 цаг 23 минутанд
хүлээн авсан бөгөөд мэдээллийн дагуу холбогдох удирдлагууд, үйлдвэрийн
эмнэлэгт мэдээлж цехийн эмч, жижүүрийн бага эмч 14 цаг 23 минутанд
дуудлага авч 14 цаг 26 минутанд осол болсон газар очиж  эмнэлэгийн анхны
тусламжийг үзүүлсэний дараа осолдогчийг аврах ажиллагаа хийсэн байна.

Мөн төв диспетчер дүүргийн нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламж,
цагдаагийн хэлтэс, замын цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг албан
байгууллагуудад шуурхай мэдэгдсэн, мэдээлэл авсан холбогдох хүмүүс
шуурхай ирсэн.

Осолдогч Т.Ганболд нь кабиндаа хавчуулагдсанаас аврах ажиллагаанд
хүндрэл гарсан бөгөөд 14 цаг 50 минутанд түргэн тусламжийн машин
осолдогчдыг дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Дүүргийн эмнэлэг
шаардлагатай эмнэлэгийн тусламжуудыг үзүүлсэн боловч Т.Ганболд нь 19 цаг
30 минутын орчимд нас барсан.

Үзэгдэх орчин хэвийн, технологийн зам тоосгүй , замын өргөн нь САТ
автомашины техникийн өгөгдлийг бүрэн хангасан, ажлын наряд заавар журмын
дагуу хийгдсэн нь уг аваар гарахад тухайн үед нөлөөлсөн гадны хүчин
зүйл байхгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлтэнд хүргэсэн.

Осолдогч САТ №20 автомашины оператор жолооч  нь хөрсөө овоолгод
буулгаад  буцаж явахдаа өөрийн явах ёстой урсгалаас гарч эсрэг урсгалд
орж  ачаатай өгсөж явсан САТ №92 автомашиныг мөргөөд хүчиндээ хөндөлдөн
зогссон байна . Энэ байдлаас үзэхэд САТ №20 нь  хурд хэтрүүлсэн ба
үүрэглэсэн байж болзошгүй байгаа бөгөөд энэ нь осол аваар гарах үндсэн
нөхцөл нь  болсон гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний актыг үндэслэн уг ослын эцсийн дүгнэлт гарах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж