УКТЭ-ийн дарга удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

УКТЭ-ийн дарга удахгүй тодорно

УКТЭ-ийн даргыг сонгон шалгаруулах материалыг хүлээж аваад дууслаа

Сүүлийн нэг сар гаруй хугацаанд УКТЭ-ийн үйл ажиллагаа явагдаж байгаа ч өнөө хэр нь даргагүй байсаар байна. Дээрх хугацаанд Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажлыг хийж, манай улсын томоохон эмнэлгийн даргаар ажиллах хүсэлтэй, чадна гэж өөртөө итгэсэн хүмүүсийн материалыг хүлээж авах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм.
 
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг хүлээж авах хугацаа өчигдөр 17.00 цагт дууслаа. УКТЭ-ийн даргаар ажиллаж байсан Л.Жамбалжав, Н.Оюунцэцэг нарыг албан ёсоор ажлаас нь халж, энэхүү сонгон шалгаруулалтыг зарласан билээ. ЭМ-ийн сайдын эл шийдвэрийг эмнэлгийн ажилчид эсэргүүцэн түр хороо байгуулж, Н.Оюунцэцэг нь УКТЭ-ийн даргаар  ажиллах ёс зүйгүй хүн хэмээн эсэргүүцлээ зарласан. Н.Оюунцэцэг нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хуурамч баримт бичиг үйлдэн, их хэмжээний мөнгийг өөр данс нээн шилжүүлсэн, эмнэлэгт эвдэрхий тоног төхөөрөмж нийлүүлсэн зэрэг хэргээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан  шалгагдаж байсан учраас удирдах албан тушаалд томилох боломжгүй гэж түр хорооныхон үзэж байв. Одоогийн байдлаар УКТЭ-ийн даргын сонгон шалгаруулалтад хэчнээн хүн материалаа өгөөд байгааг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд хэлэх боломжгүй гэлээ. Ямартай ч даргын сонгон шалгаруулалт явагдаж байгаа эл хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа хэмээн тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн эмнэлгийн даргаар сонгогдох хүн удирдлагын төвшинд шийдвэр гаргаж чадахуйц, эмнэлгийн төлөө санаа тавьдаг, тогтвор суурьшилтай байх ёстой хэмээн тэд үзэж байгаа юм. Хамгийн сүүлд буюу өчигдөр УКТЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Д.Бямбадорж даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөх материалаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна.

Э.ТУУЛ

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж