“Arianespace” цэргийн хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Arianespace” цэргийн хиймэл дагуул хөөргөнө

Европын хиймэл дагуул хөөргөх төв “Arianespace” компани “Sicral 2” нэртэй шинэ үеийн цэргийн харилцаа холбооны хиймэл дагуулыг Италийн Батлан хамгаалах яам, Францын “DGA” зэвсэгт хүчний агентлагийн хүсэлтээр 2013 оны арваннэгдүгээр сард хөөргөх тухай шийдвэрээ даваа гаригт зарлалаа. “Arianespace” компаний вэб хуудсанд дээрх мэдээллийг байршуулсантай холбогдуулан хиймэл дагуулын удирдлагын системийг хариуцах Италийн “Telespazio” компани нь сансрын хөлгийн буудаллах байршлын тухай гэрээнд гарын үсэг зураад байна.

“Sicral 2” нь Франц болон Италийн зэвсэгт хүчинд стратегийн болон тактикийн харилцаа холбооны сувгийг дамжуулах юм байна. Түүнчлэн тус хиймэл дагуул нь НАТО-ын бусад орнуудад харилцаа холбооны чадамжийн нөөцийг бүрдүүлж өгөх боломжтой ажээ. Энэхүү цэргийн хиймэл дагуулыг “Thales Alenia Space” компани бүтээж, угсарсан бөгөөд тус компани нь Итали болон Франц улсад байгуулсан хяналтын төвтэй шууд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг юм.

“Arianespace” нь дэлхийн тэргүүлэх хиймэл дагуул хөөргөх үйлчилгээний компани бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар нийтдээ 287 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж