”Эрдэнэт”-ийн зөвлөл Москвад чуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

”Эрдэнэт”-ийн зөвлөл Москвад чуулна

“Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн зургаан гишүүн энэ сарын 13-ны өдөр ОХУ-ын Москва хотноо хуралд оролцож, зарим нэг чухал ажлын талаар хэлэлцэнэ. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд хамтарсан үйлдвэр байгуулах талаар нааштай хариутай ирнэ гэдэгт гүнээ итгэлтэй байгаа “Зэс эрдэнийн хувь” компаний хамт олон өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа. “Зэс эрдэнийн хувь” компани өнгөрсөн зургадугаар сараас ажлаа эхлүүлж, одоо “Эрдэнэт” үйлдвэр дэх ашиглагдаагүй 32 жил болж байгаа исэлдсэн хүдрээс зэс гаргахаар зэхэж байгаа юм. Уг үйлдвэр нь дэлхий дахинд өргөн хэрэглэдэг SX/EW хэмээх хандлалт, цахилгаан химийн технологиор нэг жилд 5200 тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. “Эрдэнэт”-ээс 25 дахин бага байх хамтарсан үйлдвэрийг барьж байгуулахад ойролцоогоор 26 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай байгаа бөгөөд тус үйлдвэрийн зүгээс “Хөрөнгийн бирж”-ийн арилжаагаар дамжуулан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Орхон аймгийн иргэдийн хүчээр сүндэрлэх үйлдвэрийг байгуулахад одоо дутагдаж байгаа зүйл бол хоёр улсын Засгийн газрын зөвшилцлийн хариу юм. Хэрэв үйлдвэр баригдах юм бол Орхон аймагт 135 хүн өндөр цалинтай, байнгын ажилтай болохын зэрэгцээ жил бүр улсын төсөвт 15 тэрбум орчим төгрөг оруулах боломжтой болно гэж аймгийн иргэдийн төлөөлөл онцолж байлаа.

Л.ДӨЛГӨӨН

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж