Лицензээр “занималдаад” хэр ашиг олов

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Лицензээр “занималдаад” хэр ашиг олов

Оюутолгой, алтны лицензээр “занималдаад” хэр их ашиг олсон бэ, Д.Зоригт сайд аа

Оюутолгойн ордыг үзэглэснээс хойш 15 сар өнгөрчээ. Энэ хугацаанд гэрээ үзэглэснээс өөр гавьтай зүйл юу ч болсонгүй, хийсэнгүй. Оюутолгойн ордод хэчнээн хүн ажиллаж байгаа, хэд нь монгол ажилчид байгаа, ханган нийлүүлэгчээр дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж чадаж байгаа эсэх нь бүр ч тодорхойгүй байна. Ийм л маргаан УИХ-ын чуулганы танхим, Байнгын хорооны хуралдаан дамжин хөвөрсөөр. Харин учиг нь олддоггүй. Монголчууд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр үгийг үр хүүхдийнхээ нэрнээс илүү сайн цээжилчихээд, түүнээс хувь хишиг горьдсоор. Харин төр нь ард түмнийхээ итгэлээр дөрөөлж, 1.5 сая, 21 мянга гэхчлэн сайхан сайхан тоонууд хэлчихээд л суугаад байх.
Яг үнэн чанартаа Оюутолгойгоос бид хувь хишгээ хүртэж чадаагүй, эхлээ ч үгүй суугаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ гэсэн толгой эргэм олон асуудлаа ард түмэндээ тайлбарлах ч үгүй, тайлагнах ч үгүй. УИХ-аар баталсан Монголын тал баялгаасаа хишиг хувь хүртэж чадахгүй болчихоод байгаа 57 дугаар тогтоолын биелэлт гээч юм энэ намрын чуулганы хамгийн том “толгойны өвчин” болоод байна.

Энэ тогтоолд “Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэчихсэн.

Гэтэл Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Талууд гарын үсэг зурж, хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу шинээр гарган төрд шилжүүлснээр хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д заасны дагуу хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна” гэсэн байдаг. Гэрээ байгуулахдаа компанийн хувьцаа хоорондын хөрвөдөг хувьцааг тусгаагүйгээс “Айвенхоу Майнз”-ын олон улсын хөрөнгийн бирж дээрх үнэлгээ хамаагүй болсон гэсэн үг. Гэрээ байгуулснаас хойш “Айвенхоу Майнз”-ын зах зээлийн үнэлгээ өсч 7.2 тэрбум ам.долларт хүрсэн ч манай талд ногдож болох байсан 34 хувь нь буюу 2.45 тэрбум ам.доллар Монгол Улсад хамааралгүй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ мөнгө хаачих вэ. Үүнийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хаяглан асуумаар байна.

Ер нь Монголын талын хувийг ор мөргүй алга болгочихсон Хувь нийлүүлэгчдийн гэх нууц гэрээг харсан үзсэн, уншиж танилцсан хүн манай эрхмүүдэд  байхгүй юм биш үү. Засгийн газар нь гэрээ оруулж ирж танилцуулаагүй байхад нь УИХ тогтоол гаргачихсан юм байна гэж ойлгогдохоор. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр нэгэнт тогтоол гаргаж баталчихсан УИХ-ын гишүүд одоо амаа барьж, бухимдаад яах ч билээ. Одоо нэгэнт УИХ-ын тогтоолыг зөрчиж хийсэн гэрээгээ хүчингүй болгох ганцхан зам үлдсэн. Харин үүнийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хэрхэн цээжээрээ хамгаалахыг харах л үлдэж байх шив. “Но”-той гэрээ байгуулж, түүнийгээ зүтгүүлж, батлуулж дөнгөснөөрөө шүү дээ.  Гэрээг байгуулах үед манай талд ногдох хувиас тодорхой хугацаанд 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлөх болж эхний хэсэг болох 100 сая ам.долларыг “Айвенхоу майнз” компаниас манайд шилжүүлсэн. Гэвч энэ 100 сая болон үлдсэн 150 сая нь урьдчилгаа төлбөр бус өндөр хүүтэй зээл болж таарснаар гэрээг яалт ч үгүй цуцлах, эргэж харах шаардлагатай болсон. Гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй. Яагаад гэхээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацаа нь ирэх оны дөрөвдүгээр сарын зургаан. Тэгэхээр гэрээг цуцалж болно гэсэн үг. Оюутолгойн ашиг хөрөнгө оруулагчдын хувь бүхэл бүтэн орд газар босгочих хэмжээний мөнгө гэж харагдаж байгаа бол монгол хүний хувьд сар тутам авах 21 мянган төгрөг болж л харагдаад байгаа юм. Ийм учраас л Засгийн газрын тэргүүн С.Батболд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хэдэнтээ хэлж, гэрээг эргэж хар, монголчуудад ашигтай хувилбарыг гаргаж ир гэж сануулсан ч “том толгой” сайд өдгөө хүртэл чимээгүй яваад байгаа. Уг нь өнөөдөр Засгийн газарт нээлттэй орхисон гэрээг эргэж харж, засч залруулаад Засгийн газарт танилцуулах эцсийн өдөр.  Дэлхийд нөөцөөрөө эхний аравт ордог Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн гэрээ гэгчийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт л оруулж ирсэн. Туршлагагүй, ажлаа мэдэхгүй гэж тухайн үедээ гэрээгээ танилцуулахдаа элдэв муугаараа дуудуулж байсныг нь санаж байна. Зэсийн өртгийг мэдэхгүй байж, монголчуудын ирээдүйтэй холбоотой алт зэсийн ордыг ашиглах гэрээг оруулж ирдэг бөх зүрхтэй хүн түүнээс өөр хэн байх билээ.  Гэсэн ч тэр харийнханд “зажлахгүй залгиулах” гэрээг батлуулсан. Үүнд улс төрийн томоохон лобби орсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг. Сүүлийн үед Оюутолгой монголчуудыг тэжээх бус сонгуулийн мөнгө босгох гол объект болчихоод буй гэх. Д.Зоригтыг гаргаж ирсэн МАН ч хариугаа ингэж авах гэж улайрч байгааг үгүйсгэх аргагүй. Хэтэрхий түүхий, бүр шал түүхий гэрээгээ эргэж харах сонирхолгүй яваа сайдын тэсч үлдэх үү, тэсэрч дэлбэрэх үү гэдэг удахгүй тодорно. Тэр Ерөнхий сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл “но”-гүй гэрээний хувилбарыг танилцуулж, өмнөх “но”-той гэрээнийхээ учрыг тайлбарлах ёстой. УИХ Оюутолгойн гэрээг дахин нягталж, судлах эрхийг нь Засгийн газарт нээлттэй үлдээсэн ч Эрдэс баялгийн сайдын эрх мэдэл, бардам зан хоёр нь дэндүү их байснаас ийн сунжирсан хэрэг. Ганцхан Н.Батбаяр гишүүн л энэ чинь хуурамч, хуудуутай гэрээ байна. Англи, монгол хоёр хувилбараар гэрээгээ хийсэн байна энэ тэр гэж хэлээд хашгираад байгаа л болохоос өөрөөр энэ тухайд хэлж ярьдаг хүн алга шив. Тэр оргүй хоосон зүйл яриагүй. Оюутолгой өдөр ирэх тусам Монгол Улсад ашиггүй байгааг, Монголын төрд 34 хувь биш 6-7-хон хувь л ногдож байгааг хэлээд байгаа юм. Гэрээ байгуулахдаа давуу эрхтэй хувьцааны 34 хувь гээд заачихсан болохоор өөр хувьцаа ороод ирэхээр манай улсын хүртэх хувь багасна гэдгийг ЭБЭХ-ний сайд нь ч, Сангийн сайд нь ч мэдэж байх учиртай. Өнөөдөр “Айвенхоу Майнз” компанийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум доллар байна. Гэтэл манай улстай гэрээ байгуулахаас өмнө хоёр тэрбум ч хүрэхгүй байсан. 10 дахин өссөн гэсэн үг. 12 тэрбумын 34 хувь гэхээр дөрвөн тэрбум доллар Монголын ард түмнийх болох ёстой. Улс орноо ард түмэнтэйгээ хуураад худалдаад идчихсэн эрхэм сайдад ард түмнээсээ уучлал гуйгаад, алдаагаа засахад нэг их оройтоогүй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.  Оюутолгойг тавьж туучихаад хариуцлага хүлээх нь бүү хэл буруугаа хүлээхгүй байгаа нь Д.Зоригтын хувьд хамгийн том алдаа. Эх орноо барьцаалж зээл авчихаад улс төрийн суудалдаа бат гэгч нь шигдчихээд суугааг ард түмэн харж л байгаа шүү дээ.

Сангийн сайд С.Баярцогт тухайн үед гэрээ байгууллаа гээд хөөрөөд хөгжөөд байсан, одоо болохоор бараг Оюутолгойн гэрээ гэж юу байдгийг мэдэх ч үгүй, хараа ч үгүй ухааны юм яриад байгаа.  Ерөнхий сайд С.Батболд ч ялгаагүй. Үнэнийг яагаад ард түмэндээ хэлэгүй байгаа юм бэ. Гэрээний нарийн ширийн зүйл заалтуудыг тэр мэдсэн болоод л буцааж, шалгахыг үүрэгдсэн. Оюутолгойн гэрээг байгуулахад гардан зохион байгуулсан С.Баяраас айлаа гэж үү. Хэн нь худлаа яриад байгааг С.Батболд л өнөөдөр хэлэх ёстой хүн нь.

Үнэндээ Оюутолгойн гэрээ алдаатай, буруу зөрүү болсон гэдгийг хэвлэл мэдээллийнхэн, хэдэн сэтгүүлчид хоолойгоо сөөтөл ярьж, үзгээ мохтол бичсэн. Дэндүү залхтал үглэсэн, бичсэн. Тухайн үед нь хэн ч тоогоогүй. Харин одоо л ухаарч, ухаж ойлгож эхэлж байх шиг. Хэтэрхий хожимдсон ухаарал.  Ард түмэндээ “Үнэн үү” гэсэн асуултын хариуг тун удахгүй өгнө гэж найдъя, Д.Зоригт сайд аа. Эрхэм сайд Оюутолгой руу хуруу, хошуу хоёроо хэтэрхий лав дүрчихээд авч чадахгүй тэлчигнэж байж бас Монголын  уул уурхайн компаниудыг төдийгүй гадны хөрөнгө оруулагчдыг заазуурдсан тушаал гаргачихаад мэлийгээд сууж байх нь олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг зэрэг хүргэчихжээ. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг сүүлийн үед “урт нэртэй хууль” гэж товчлох болсон. Ингэхээс ч аргагүй. Хуулийг хэрэгжүүлэгч нь бүү хэл санаачлагч нь ч дунд нь төөрмөөр олон үгтэй, урт нэртэй болохоор.

Энэ хуулийн дагуу  эх орныхоо байгаль, уул ус ойгоо хамгаалах нэрийдлээр 254 компанийн лицензийг хүчингүй болгож тэнэгтэж байгааг хэн хүнгүй ярьж байна. Бас болоогүй. Одоо дахиад 1800 компанийн лицензийг хүчингүй болгохоор нэрийг нь зоож, хар дэвтэртээ тэмдэглэчихээд төрийн нууц гэж сайрхсаныг нь яана. Уг нь Засгийн газар хуулиа хэрэгжүүл гэж даалгаснаас бус үндэсний уул уурхайн компаниудаа “цавч” гэж үүрэгдээгүй л байлтай. Засгийн газрын шийдвэрийг яаж сөрж болдгийг Д.Зоригт сайд яруу тодоор харуулж байна. Гадны банкуудаас өч төчнөөнөөр зээл авч хөл дээрээ босох гэж зүтгэж буй үндэсний хэдэн бизнесмэнүүдийнхээ ууцыг нь хугалсан энэ шийдвэрээ хуулиа хэрэгжүүлж байна гэж тайлбарлаж магадгүй. Тэгвэл гадаадынхан Монголын уул уурхайд хөрөнгө оруулахаа больж, биднийг хэн ч тоохоо болих биз. Ерөнхий сайд С.Батболд удахгүй ОХУ-д айлчилна. Үндэснийхээ болон гадны уул уурхайн компаниудыг хяхаж хавчсан ийм шийдвэр гаргасныг гадаадын мэдээллийн сайтууд уухайн тас шүүрч аваад мэдээлчихээд байдаг. Яг ийм үед хойш хөрш манай Засгийн газрын тэргүүнийг хэрхэн хүлээж авах бол оо. Бас Засгийн газрын уул уурхайн гадны хөрөнгө оруулалтыг дэмжих тухай шийдвэр ч “будаа болж” таарлаа. Ирэх оны алдагдалтай төсвөө уул уурхайгаас олох орлогоор нөхөх гээд байгаа Сангийн сайдынхаа өөдөөс Д.Зоригт дунд хуруугаа гозойлгож байгаа хэрэг бус уу.

Эсвэл МАН-ын генсек У.Хүрэлсүх залуу сайдаа хатгаад сууна уу. Лецинз цуцалж, эргээд өөр рүүгээ авлигын зам дурайлгаж байгаа юм биш үү гэж хардахаар. Бас МАН хэмээх шинэ нам сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу.   

Б.ОЮУНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж