Цусны эмгэгийг эмчлэх тасагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Цусны эмгэгийг эмчлэх тасагтай боллоо

Улсын клиникийн төв эмнэлэгт өнөөдөр Ясны чөмөг болон үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Энэхүү ёслолд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатар, тус яамны санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга н.Түмэндэмбэрэл,  Цус сэлбэлтийн үндэсний төвийн захирал н.Улаанхүү, төслийн удирдагч, анагаах ухааны доктор, хүний гавъяат эмч Жамбалжав,  Цусны эмгэг судлалын клиникийн зөвлөх эмч, доктор профессор н.Цэрэннадмид,  ЭМШУИС-ийн цусны эмгэг судлалын тэнхимийн хамт олон  болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцов.

Сүүлийн жилүүдэд цусны эмгэг, ялангуяа хавдрууд, хүнд хэлбэрийн дархлаа дутагдал , цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг өвчнүүд их тохиолдох болсон гэнэ. Тухайлбал,  сүүлийн таван жилд цусны эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 22.7 хувиар, цусны хавдарын тохиолдол 11.5 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс энэхүү өвчнөө эдгээхийн тулд манайхан  гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 30-130 мянган ам.доллараар хагалганд ордог байжээ. Түүнчлэн эмчлүүлэгч нь тухайн оронд очихдоо ганцаар очдоггүй заавал ар гэрийн болон асран хамгаалагчтай  очдог аж.  Энэ нь өндөр өртөгтэй эмчилгээ, сахиурын зардал зэрэг нь их байсан байна. Тэгвэл тун удахгүй  цусны асуудалтай өвчтнүүд эх орондоо цусны эд эсийн эмчилгээг хамгийн сүүлийн үеийн аргаар бүрэн төгс эмчлүүлэх боломжтой болжээ. Учир нь өнөөдөр нээгдсэн тусгай мэс заслын тасагт өвчтөн чөмөг шилжүүлэх хагалгаанд орж,  агаарыг цэвэршүүлж вакуумжуулсан орчиндоо 1-2 сар байх аж. Тэрээр донороос шилжүүлсэн чөмөг, цусны эд эс зэрэг нь өвчтөний биед дасан зохицох хүртэл хэвтэх гэнэ. Энэхүү чөмөг шилжүүлэн суулгах тусгай орчинг бий болгоход ЭМЯ-наас 86 сая төгрөгийн  санхүүжилт хийсэн аж. Харин эмчилгээ, мэс засал зэргийг ирэх оноос  хийх гэнэ. Учир нь  эмч мэргэжилтнүүдийг гадаадад сургаж туршлагажуулах, тоног төхөөрөмж зэргийг суурилуулж  дуусаад ирэх оноос уг хагалгааг хийж эхлэх юм байна.  

 Сонирхуулахад,  цус үүсгэгч үүдэл эсийг анх хулгана, нохой, хүнд 1950-иад оны үеэс шилжүүлэн суулгах оролдлого хийж байсан гэнэ. Харин 1970-аад оны эхэн үед  АНУ-ын эрдэмтэн E.Donnall Thomas  цусны хурц хавдарт өвчтөнд цус үүсгэгч үүдэл эсийг шилжүүлэн суулгаж, Нобелийн шагнал хүртэж байжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж