Утаа бага гаргадаг түлшний хэрэглээг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Утаа бага гаргадаг түлшний хэрэглээг шалгана

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хориглосон хороодоор явж, утаа бага гаргадаг түлшний хэрэглээний явцыг шалгах гэнэ. Нийслэлийн холбогдох газруудаас өнгөрсөн долоо хоногт утаа бага гаргадаг түлш үйлдвэрлэж буй Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн харъяа шахмал түлшний үйлдвэр болон Хятадын хөрөнгө оруулалттай Си Эй Ди Экс гэсэн хоёр компанийн үйл ажиллагаатай танилцахад Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үйлдвэр газар дээрээ 120 тонн,Си Эй Ди Экс компани 200 тонн үртсэн шахмал түлшний нөөцтэй байжээ. Мөн Дарханд хагас коксжуулсан үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй Шарын гол энерго ХХК үйлдвэрээ ашиглалтад оруулсан бөгөөд түлшнийхээ эхний дээж болох 20 тонн түлшийг туршилтад явуулсан байна. Түүнчлэн ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд үйлдвэрлэл явуулж буй дөрвөн үйлдвэрээр ороход “Өлзийт төв” ХХК үйлдвэр дээрээ 43 тонн, “Хүслэн Өлзий” ХХК 45 тонн, “Тара” ХХК 45 тонн, “Монголын тосгоны хөгжлийн санаачилга” 4 тонн, нийт 492 тонн шахмал түлш үйлдвэр дээрээ байгаа ажээ. Нийслэлд байгаа 625.9 тонн түлштэй нийлээд нийтдээ 1117.9 тонн үртсэн шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Улаанбаатар хотын утааг багасгах үүднээс нийслэлийн зарим хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, үртсэн болон нүүрсэн шахмал түлш хэрэглүүлэхээр болсон ч энэ ажлын явц жигд биш, нөөц байсаар байтал зарим газарт нийлүүлэлт нь муу хүрэлцээгүй байгаа зэрэг байдлыг цэгцлэх үүднээс ажлын хэсгийнхэн хороодоор явж танилцах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж