Д.Идэвхтэн ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Д.Идэвхтэн ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Е.М.Примаковтой өнгөрсөн даваа гаригт уулзаж, хоёр орны худалдааг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг  дэмжихэд чиглэсэн асуудлаар санал бодлоо  солилцов.
Хоёр орны худалдааны эргэлт энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  санхүү, эдийн засгийн хямралын өмнөх түвшинд хүрэх хандлагатай байгааг Элчин сайд Д.Идэвхтэн  уулзалтын үеэр дурдаад Монгол, Оросын аж ахуйн нэгж хоорондын бизнесийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд  тэдгээрийн эрх ашиг,  сонирхлыг илэрхийлэгч хоёр талын ижил төстэй байгууллагуудын үр өгөөжтэй хамтын ажиллагаа чухал юм хэмээн тэмдэглэв. Тэрбээр цааш нь, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дэргэд ажил хэргийн зөвлөл харилцан байгуулагдсанд  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ойрын хугацаанд шинэ тутам байгуулагдсан байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, түүнчлэн хоёр талын  бизнес  уулзалтыг Москва хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг Е.М.Примаковоос хүсэв. Манай хоёр орны хооронд аливаа  үл ойлголцол байхгүйн сацуу сайн хөршийн,  уламжлалт найрсаг харилцаатайг Е.М.Примаков уулзалтын үеэр дурдаад манай танхимын дэргэд ажил хэргийн 60 зөвлөл ажилладаг. Эдгээр зөвлөлүүдийн хуримтлуулсан туршлага хоёр оронд харилцан  байгуулагдсан зөвлөлийн ажил үйлсэд сайнаар нөлөөлнө  гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэв. Тэрбээр цааш нь, хоёр орны бизнес эрхлэгчдийн болон ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн Таны саналуудыг миний бие дүүрэн дэмжиж байна гээд төлөвлөж буй арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд амжилттай зохион байгуулахад хоёр талдаа идэвхтэй  ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

    Уулзалтад Монголын талаас Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дашдорж, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын талаас танхимын газрын захирал С.В.Васильев,  И.А. Коротин нарын хүмүүс байлцав гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж