Оюутолгойн ТУЗ өнөөдөр хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ өнөөдөр хуралдана

Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна.

·    Үндэсний статистикийн хороо өнөөдрөөс мал тооллогын ажлыг эхлүүлж байна. Тооллого энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд урьдчилсан дүн мэдээ ирэх оны эхээр гарна. Энэ жил мал тооллгод тавих хяналтыг сайжруулах зорилгоор Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэлээс тоологдсон өрхийн 10-аас доошгүй хувьд хяналтын тооллого явуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн тооллогоор Монгол Улс 44 сая мал тоолуулсан байна. Харин улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар халдварт өвчин, өвлийн зудад нийт 9.8 сая мал хорогдоод байгаа дүн гарчээ.

·    “Оюутолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр “Моннис” компанийн байранд 11.30 цагаас эхэлнэ. Тус компанийн ТУЗ арванхоёрдугаар сарын 1-нд хуралдаж, гүйцэтгэх захирлаа сольж буйгаа албан ёсоор баталгаажуулсан. Энэ хурлын дараа давуу эрхт хувьцаа гаргаснаар Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн хувьцааг үнэгүйдүүлэх гэж байна гэсэн маргаан дэгдээгээд байгаа юм.  

·    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргыг сонгох хуралдаан Соёлын төв өргөөнд болно. Төрийн бус тус байгууллаг дөрвөн жилд нэг удаа их хурлаа хуралдуулж, их хурлын гишүүд, Үндэсний танхимын зөвлөлөө сонгодог. Үндэсний танхимын зөвлөл нь нууц санал хураалтаар даргаа сонгодог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж