Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Тууштай зүтгэгч

Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Хууль зүйн сургуулийн захирал, академич, хууль зүйн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл. Түүнийг хуулийн салбарынхан андахгүй. Их сургуульд 1975 оноос багшилсан бөгөөд хуулийн салбарт ажиллаж байга хуульч, өмгөөлөгчдийн олонхи нь С.Нарангэрэлийн шавь нар байдаг аж. Тэрбээр багшилсан цагаасаа Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа мөрдөн байцаах болон шүүн таслах ажлын практикийг байнга судалж ирсэн хэмээдэг. Тэрбээр 1980-аад онд нийслэлийн Ерөнхий прокурорын орлогчоор гурван жил, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр таван жил ажилласан. Мөн 1992-1996 онд УИХ-ын гишүүн байв. Тэрбээр манай улсад 2002 оноос мөрдөж байгаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн үздэг. Дэлхийн улс орны Эрүүгийн хуулийг судалсан хүний хувь түүнд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Эрүүгийн хуулийг хамтран шинэчлэх санал тавьсан аж. Үүний дагуу С.Нарангэрэл хуульч ажлын хэсэгт ажиллажээ. Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн эрхэм гишүүд үзсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “2002 оны Эрүүгийн хууль маш сайн хууль. Хэн дуртай нь Эрүүгийн хууль боловсруулдаггүй юм” хэмээн нэлээд ширүүхэн шүүмжилж байсан. Харин С.Нарангэрэл хуульчийн хувьд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай, үүний төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм. Түүний хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн оролдлого бүтэлгүйтлээ. Гэхдээ тууштай, уйгагүй зангаа тавихгүйгээр зүтгэвэл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж чадах болов уу.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж