Гишүүд 805 тэрбумыг бэлнээр тараах хүсэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Гишүүд 805 тэрбумыг бэлнээр тараах хүсэлгүй байна

-Тиймээс Ерөнхийлөгч хориг тавибал тэд дэмжих бололтой

  • Улс төрийн амлалтдаа баригдан гаргасан энэ шийдвэрээс зарим нь айж байгаа

-Энэ их мөнгийг тийм байдлаар тараах нь үр ашиггүй төдийгүй эдийн засагт сөрөг үр дагавартай гэдгийг уг нь гишүүд ойлгож байгаа. Улс төрийн амлалтдаа баригдан гаргасан энэ шийдвэрээсээ магадгүй зарим нь айж ч байгаа. Аз болж Ерөнхийлөгч хориг тавиасай гэж битүүхэн хүсч ч байгаа. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг сайн хүн болж бэлэн мөнгө тарааснаасаа илүү хохирол авчирна гэдгийг бүгдээрээ л ойлгоод байх шиг. Харин одоо энэхүү амлалтаасаа татгалзчих эр зориг гаргавал бэлэн мөнгө өгснөөс чинь илүү ихээр талархахад бид бэлэн байна.

www.news.mn сайт. 2010.12.07

  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Амлалтын эрхэнд л аргагүйдсэн 21 мянга шүү дээ

-21 мянган төгрөгийг сонгуулиар өгнө гээд амласан болохоор л олгож байгаа юм. Түүнээс биш амьдрал дээшлүүлж, ядуурал бууруулахаар хэмжээний мөнгө биш. Хүн болгонд бэлэн сая 500 мянган төгрөг өгөх боломжгүй тул аргагүйн эрхэнд л амласан болохоор 21 мянгаар аргалж байгаа юм шүү дээ.

“Зууны мэдээ” сонин. 2010.12.06.

  • УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Ерөнхийлөгч хориг тавибал дэмжинэ

-Уг нь энэ их мөнгөөр бид олон асуудлыг шийдэж болно. Улаанбаатарын утааны асуудал, орон сууц, ядуурал, ажлын байр бий болгох, замын асуудлыг шийдчих бололцоо байгаа. Одоо иргэдэд мөнгө тарааж байна. Үр дагавар нь хоёр оронтой тоотой инфляцийг бий болгоно. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавибал би хувьдаа дэмжинэ гэж бодож байна.

“Ардын эрх” сонин. 2010.12.06

  • 805 тэрбумаа “чулуу” болгох уу?

-News.mn сайтын санал асуулгаас харж болно. Нийт санал өгсөн хүмүүсийн 70 хувь нь 805 тэрбумыг бүтээн байгуулалтад зориулъя гэсэн байна. Зарим хүн Ер нь авна гэх байх л даа. Ингэж ганц хоёр, дөрөв таваараа нийлж аваад идэж уугаад дуусгаснаас хэсэг бүлгээрээ, овог аймгаараа, дүүрэг хороогоороо нийлж байгаад хороондоо, дүүрэгтээ, багтаа, сумандаа, аймагтаа хэрэгтэй зүйл хийе л дээ. Би Баянзүрх дүүргийн харьяат. Манай дүүрэг 276.6 мянган хүн амтай гэж саяын тооллогоор гарсан байна лээ. Нийслэлдээ хамгийн олон хүн амтай нь гэсэн үг. Манайхан энэ мөнгөө нийлүүлбэл 69 тэрбум 703 сая 200 мянган төгрөгтэй болно. Энэ мөнгөөрөө дүүргийнхээ нутаг дэвсгэрийн замыг засч, шинэ сургууль, цэцэрлэг барья. Ерөнхийдөө бүтээн байгуулалтад энэ мөнгөө зарцуулбал ямар вэ.

“Монголын мэдээ” сонин. 2010.12.02

  • УИХ-ын гишүүн Д.Энхбат: Сум бүрт орчин үеийн эмнэлэг барих хөрөнгө

-Хамгийн их ан­хаарал та­таж, мөн сө­рөг хүч­ний бид­ний шүүмж­лэ­лийн гол бай бол­сон асуудал бол 2011 онд иргэдэд 800 орчим тэрбум төгрөгийг бэл­нээр тараах ту­хай хамтарсан Засгийн газ­рын санал байсан. 800 тэр­бумаар юу хийж болох вэ гэвэл: 40 тэрбумаар  орчин үеийн 20 эмнэлэг (аймаг бүрт), 10 тэрбумаар нийт 80 дунд сургууль, эсвэл Монгол улсын хэрэгцээг бүрэн хангах Нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой.

www.news.mn сайт. 2010.11.24
  • УИХ-ын гишүүн С.Оюун: 700 мянган ажлын байр гаргаж болно

-Ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгаа. Иргэдэд сар бүр тарааж өгөх бэлэн мөнгөнд нийтдээ 805 тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгийг “Хүний хөгжил сан”-гийн орлогоос гаргана гэж байгаа ч тус санд төвлөрөх орлого тодорхой биш. Иргэдэд 70 мянган төгрөг тараасны дараа судалгаагаар архидан согтууралт 30 хувиар нэмэгдсэн байсан. Гэтэл гэмт хэргийн 70 хувь нь архидан согтуурснаас үүддэг гэдэг статистик бий. Энэтхэгт хөдөөгийн ядуу иргэдэдээ Засгийн газар нь жилд 100 ажлын хоног гаргаж өгөх хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Энэ туршлагаас бид суралцаж болмоор санагдсан. Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөгөөр тооцоолбол 805 тэрбум төгрөгөөр 700 000 ажлын байр гаргаж болохоор байна. Өөрөөр хэлбэл  жилд 700 мянган хүнээр ямар нэг ажил хийлгээд 108 мянган төгрөг өгөхөд жилд 805 тэрбум төгрөг хангалттай хүрэлцэнэ.
www.news.mn сайт. 2010.12.06

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 805 тэрбумаар хувцас өмсөх үү,
    хувьцаа эзэмших үү?

-Нэг сумаар жишээ татъя. 3000 хүн амтай суманд талхны цех байгууллаа. Энэ цех зургаан сая төгрөгөөр босно. Өөрөөр хэлбэл, 30 хүний 2011 онд авах 252 мянган төгрөг буюу  сумын хүн амын нэг хувийнх нь л дэмжлэгээр босно гэсэн үг. 30 хүн гэдэг нь 7-8 өрх. Гэтэл талхны цехэд 10 ажлын байр бий боллоо гэхэд айл бүрээс нэг хүн ажилтай болж байгаа юм. Ажил хийж байгаа болохоор цалин авна. Сардаа нэг хүн 150 мянган төгрөгөөр бодоход жилдээ хамгийн багадаа 1.8 сая төгрөгийн цалин авна. Бас тухайн үйлдвэр таван сая төгрөгийн ашигтай ажилласан гэж тооцвол жилийн эцэст нэг хүн 170 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх юм. Ерөөсөө сар бүрийн 21 мянган төгрөгөө нийлүүлж үйлдвэр барихад л жилд хоёр сая төгрөгийн цэвэр орлого олох бололцоотой.

“Монголын мэдээ” сонин. 2010.11.24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж