Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

МАН ба намнаан

МАХН түүх болж, МАН төрөөд бүтэн нэг сар өнгөрлөө. Гэхдээ МАН бол нэг сартай балчир бус, 90 нас шүргэж байгаа өвгөн нам. Тиймдээ ч Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ хамгийн ууган нам гэдэг буурин дээрээ бууж, номер нэг гэсэн гэрчилгээ авсан. Өнгөрсөн нэг сарын хугацаанд үүрүүдийнхээ тамгыг шинэчлэн сийлүүлээд гардуулчихлаа. Шинэхэн оёсон соёмботой тугаа залчихлаа. Ардын нам, ардын засаг мандтугай гэсэн уриаг хэвшүүлчихлээ. Гишүүд нь ч Ардын нам гэдэг үгийг маш амархан амны уншлага болгов. УИХ дахь МАХН-ын бүлэг хүртэл МАН-ын бүлэг болж хувирлаа. Сонгуульд орсон нэр ус ч хамаагүй болж хоцров.

МАХН-ын өмч хөрөнгө, нэр ус, барилга байшин, гишүүд гээд хөдлөх ба үл хөдлөх, амьтай амьгүй бүх объект, субъект МАН-ын мэдэлд шилжсэн. Данснаас дансанд гэгчээр МАХН-д байсан болгон МАН-ын халаасанд автоматаар орсон гэсэн үг. Барилга байшин, тамга тэмдэг, хөрөнгө мөнгө ч яахав, амьгүй зүйлс болохоор МАХН-аас МАН-д шилжин данслагдав.

Гэхдээ амьд “бараа”-г данснаас дансанд шилжүүлж болдоггүй гэдгийг хэсэг гишүүн харуулав. МАХН-аас МАН болно гэдэг Н.В.Гоголийн “Амьгүй албат” зохиолын үйл явдал биш болохоор МАН-ын өвөрт нүдээ аниад орохгүй гэдгээ тэд мэдэгдэж хэл үг татлаад байна. Лав л 160 мянган гишүүнээс  нэг түм орчим нь МАХН-ынхаа голомтыг сахина гэжээ. Ингээд МАН-аа Социнтернд дахин бүртгүүлэх, албан бичгийн толгой солих, тамга тэмдэг сийлүүлэх, туг далбаагаа шинэчлэн оёулахаас авахуулаад их ажлын хажуугаар үгэнд ордоггүй эсэргүү гишүүдээ намнах намнааныг өнгөрсөн нэг сарын хугацаанд өрнүүлэв. МАН-ын ХХYI их хурлаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж намын бодлогын эсрэг дуугарсан, бие дааж нэрээ сонгуульд дэвшүүлсэн, намын хамт олны олонхийн саналыг эсрэг дуугарсан гишүүдийг намаас гаргана гэсэн боловсон заалтыг оруулсан юм. Намаас хөөнө гэдэг “хувьсгалт дүрмийн” үгийг гаргах гэдэг эерүү үгээр сольсон гэсэн үг л дээ. МАН-ын гишүүдийн хамгийн их эмээж байсан дүрмийн уг заалтыг өнөөдөр МАХН-ын буурийг сахина гэсэн нэг түмэн гишүүндээ хэрэглэх, эсэх тухай яриа хөөрөө болж байна. Хэзээнээсээ л гишүүдээ намнаж ирсэн МАН-ынхан шинэ нэр зүүгээд ганц сар болохдоо энэ зуршлаа тавьсангүй.

УИХ дахь МАХН асны бүлгийн гишүүн Ц.Шинэбаярт шинэ дүрмийн хатуу заалтыг анхлан хэрэглэхээр өнгөрсөн баасан гаригт МАН-ын Хяналтын ерөнхий хороон дээр ярилцжээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх уг нь Ц.Шинэбаяр гишүүнд бодож үзэх хугацаа өглөө гэдгийг өмнө нь анхааруулсан. Харин Ц.Шинэбаяр гишүүн “Би МАН-ын гишүүн биш. Тэр намд элсээгүй. Анхнаасаа МАХН-д элссэн. Түүгээрээ явж байна. МАХН гэдэг нэрээр би сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. Тиймээс МАН-ын бүлэг надад хамаагүй” гээд гэдийчихсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “Жигүүрээ өргөтгөнө үү, яана. Бүлгээсээ битгтий яв” гэж гуйсан ч сурагтай. Гэвч Ц.Шинэбаяр гишүүн хариу өгсөнгүй. Үүнийхээ төлөө тэрбээр МАН-ын намнаанд хамгийн түрүүнд өртөж, “намаас гаргах” хэмээх шийтгэлд анхлан өртөхөөр боллоо. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос  бас МАХН-ын түр штабын зохицуулагч, судлаач С.Молор-Эрдэнийг  Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Намаас гаргахын өмнөх алхам бололтой юм. Түүгээр үл барам С.Молор-Эрдэнэ нь МАХН-д хамаагүй Ногоон намын Сүхбаатар дүүргийн зохицуулагч байсныг илрүүлсэн ч гэх шиг. МАН-ын шинэхэн нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхийн үйл ажиллагаанд оролцож  МАХН-ын төв штаб, МАХН-ын онц их хурлыг хуралдуулах түр штабын үнэн мөнийг ялгах үүрэг хүлээгээд байна.

Угаасаа намынхаа нэрээс хоцрогдсон ганц “Х” үсгийг л авсан болохоор ажлаа эмхлэх, жигдрүүлэх гэх мэт нэмэлт асуудал үүссэнгүй. Тийм болохоор МАН-ын дарга нар “Х”-тэй МАН-ын буурин дээр хоцорсон хэдэн гишүүнээ намнах ажилд гол анхаарлаа хандуулаад байна. Ингэснээр Л.Дондог даргатай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүд хамгийн их ажил албатай бүтэц болж хувирав.
Хэрэг дээрээ МАХН МАН болсон нь хувьсгал хийж явсан өвөг дээдсээсээ ичсэндээ бус 2008 оны сонгуулиар амласан амлалтаасаа бултах гэсэн ядруухан арга гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлэх болжээ. Айлуудаар тараасан 1,5 сая төгрөгийн батламж, иргэдээ ажлын байраар хангана гэсэн бэлэн амлалт, хүүхэд, шинэ гэр бүлийн мөнгийг үргэлжлүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр, бараг л коммунизм байгуулж өгнө гэсэн уриа нь бүтэхээ болих шинжтэй болмогц нэрээ өөрчилчихөөд “ичсэн хүн хүн ална” гэдгээр хуучин нэрээрээ үлдэнэ гэсэн гишүүдээ намнаж эхэллээ. МАН-д намнаан үргэлжилж байна.

                          
 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж