Хятад иргэд их хэмжээний мах нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хятад иргэд их хэмжээний мах нөөцөлжээ

Нийслэлд өнгөрсөн долоо хо­ногт махны үнэ 2300-2500 байсан бол өчигдрийн байдлаар 3500-3800 болон өссөн байна. Хоног хоногоор өсөх махны үнийг хэн нэгэн зохицуулахаас нэгэнт өнгөрсөн бололтой. Уг нь хавар дулаан орох цагаар мөн баяр ёслолын үеэр  мах­ны үнэ өсч багагүй шуугиан дэгдээдэг байсан. Харин энэ жил малчид малаа төхөөрч, махны үнэ харьцангуй тогтвортой байдаг үеэр ийнхүү үнэ нэмэгдсэн нь анхаарал татаж байна.

Тэгвэл мах бэлтгэлийн үед хямд үнээр худалдан аваад ховор­доход эргүүлэн өндөр үнээр бор­луул­даг ашигтай амархан бизнес хятадууд хүч түрэн орсон талаар бид өмнө мэдээлж байсан. Хятад иргэд их хэмжээгээр мах бэлтгэж, хилээр гаргахыг завдсан хэрэг гараад удаагүй байтал буюу өчиг­дөр иргэдээс мэдээлэл ирсний дагуу их хэмжээний ямааны махыг нууцаар бэлтгээд байсныг илрүүл­сэн байна.

Энэ сарын 3-нд Баянгол дүүргийн арванхоёрдугаар  хороо­ны XXI байрны ард баригдаж байгаа барилгын хонгилд их хэм­жээний мах буулгалаа гэдэг мэдээл­лийн дагуу шалгахад БНХАУ-ын иргэн 41 настай Shen Yajun гэгч монгол иргэдтэй хамтран мах бэлт­гэж урд хилээр гаргахаар зав­даж байжээ. Тэдгээр иргэдийн хувьд гарал үүслийн болон бусад зөв­шөөрөлгүй 30 орчим тонн ямааны мах бэлтгэсэн байсан. Энэ хэрэг намжаагүй байтал  өчигдөр дахин Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хороо “Экопэтс фүүд ХХК-ний хашаанд хятадууд их хэмжээний ямааны мах бэлт­гэж байгаа талаар иргэдээс мэдээ­лэл ирүүлжээ. Мэдээллийн  да­гуу дүүргийн цагдаагийн алба хаагчид шалгаснаар тус компа­нийн агуулахыг түрээслэгч Сон­ги­нохайрхан дүүргийн арван­наймдугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Б гэгч 2061 ширхэг ямааны гулууз мах бэлтгэн 840 граммаар бэлтгэн жижиглэн сав­ласныг илрүүлсэн байна. Сүүлийн үед махны үнийг хууль бусаар нэм­дэг. Монгол иргэд хөдөөгийн малчдын хотноос нь мал, махыг  хямд үнээр аваад хятад иргэдэд өндөр үнээр борлуулж байгаа юм. Энэ нь махны үнийг хиймлээр хөөрөгдөх нөх­цөл байдал үүсгэхийг ч үгүйс­гэх аргагүй. Тиймээс иргэд, цагдаагийн байгууллагатай хамт­ран ажиллахыг цагдаагийн газраас уриалж байна.  
 

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж