Иргэнд суурилсан хөгжлийн яриа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Иргэнд суурилсан хөгжлийн яриа үргэлжилж байна

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клубээс санаачлан, Орхон аймгийн Ардчилсан  нам ,Шинэ Ардчилал клуб-тэй  хамтран зохион байгуулсан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа-3” хэлэлцүүлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын  ордонд боллоо. Хэлэлцүүлэгт 450 гаруй  иргэд оролцож, Булган, Дархан  аймгуудаас төлөөлөгчид ирж, улс орны хөгжлийг тодорхойлох бодлого гаргахад иргэд ямар бодолтой байдаг талаар санал солилцов. Үүний өмнө Нүхтэд зохион байгуулсан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа -2” хэлэлцүүлэгт ардчилсан үзэл бодолтой, ардчиллыг дэмжигч олон залуус оролцсон нь зөвхөн Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс хальж, иргэдийг олноор нь хамруулсан цар хүрээтэй арга хэмжээ болсон.

Монгол Улс Үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласан. Тэрхүү хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахад иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь “Иргэнд суурилсан хөгжлийн яриа”-ны гол зорилго. Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Төрийн хуулиас иргэний хууль руу, оролцоонд тулгуурласан хууль,  “Эдийн  засгийн хөгжлийн бүс”, “Уул уурхай-Эдийн засгийн хөгжлийн тулгуур ”, “Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх ,Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн “Хувь хүний хөгжил-Боловсрол” ерөнхий сэдвийн хүрээнд  Орхон аймгийн Технологийн Их сургууль дээр “Манлайлах ур чадварыг хөгжүүлэх”, “Хүн төвтэй боловсрол”, “Өөрийн байр суурь буюу рацианоль сэтгэлгээ” зэрэг сэдвээр  “Нэг Ардчилал”-ын залуус оюутнуудтай санал бодлоо хуваалцжээ. “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” цаашид ч бас үргэлжилнэ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж