Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Какаоны үнэ цойлов

Шоколад үйлдвэрлэх гол түүхий эд какаоны үнэ даваа гаригт тус түүхий эдийн гол нийлүүлэгч Кот Д’Ивуарын улс төрийн асуудал даамжирснаас дөрвөн сарын турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тус улсын асуудал цаашид какаоны хангамжийг бууруулах төлөвтэй байгаа юм. Сонгуульд ялагдал хүлээсэн Лаурент Гбагбо сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй бямба гаригт ялагч Алассане Оуаттараг тангаргаа өгч байхад өөр газар мөн тангараг өгсөн юм. Энэ нь тус улсад маш тогтворгүй байдал үүсгээд байна.

Өмнө нь долоо хоногт ойролцоогоор 85 мянган тонн какао нийлүүлдэг байсан бол өнгөрсөн долоо хонгт ердөө 15 мянган тонныг экспортолсон гэнэ. Лондоны бирж дээр тонн какаоны үр 2046 ам.доллар буюу наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ, өмнөх өдрийнхөөс 4,4 хувиар илүү болсон байна. Түүнчлэн АНУ-ын Нью Йоркийн бирж дэх 2011 оны гуравдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ 3079 ам.доллар хүртэл өсчээ.

Хэдийгээр хангамжийн 70 гаруй хувийг эзэлдэг баруун Африкт какаоны тариалан огцом нэмэгдсэн гэж байгаа ч сонгуулийн дүнг зарласнаас хойш какаоны үнэ одоо 10 хувиар нэмэгдээд байгаа юм. Кот Д’Ивуарын 2010-2011 оны какаоны ургац 1.4 сая тонн болж, өмнөх жилийнхээс 15 хувиар илүү гарах төлөвтэй байна.
Газар тариалангийн зах зээлд ганцхан какаоны үнэ огцом өөрчлөгдөөгүй байна. Украин улс даваа гаригт энэ оноор дуусгавар болох ёстой байсан үр тарианы экспортын хоригоо дахин сунгахаар зэхэж буйгаа мэдээлснээс болж нэг тонн улаан буудайн үнэ хоёр жилийн дээд үнэ болох 238.75 евро болжээ. Түүнчлэн жүржийн шүүсний үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрдугаарт ордог АНУ-ын Флорида мужид цаг агаар огцом хүйтэрснээс, жүржийн шүүс 3.5 жилийн өндөрлөгт хүрчээ. Одоо нэг тонн концентратжуулан хөлдөөсөн шүүс 1.667 ам.доллар болоод байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж