Монгол, Буриадын ажил хэрэгч эмэгтэйчүүд уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Монгол, Буриадын ажил хэрэгч эмэгтэйчүүд уулзав

УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн  урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүн амын нийгмийн хамгааллын сайд хатагтай Хамаганова Наталья Николаевна тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна.

Төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонд зочилж  улс төр, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарын болон Төрийн бус байгууллагын ажил хэрэгч, манлайлагч  эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй   уулзан салбар, салбарын чиглэлээр харилцан  санал солилцож  туршлагаасаа хуваалцав.

    Энэхүү арга хэмжээний үеэр  УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин хэлсэн үгэндээ,  мөнхийн хөрш манай хоёр орон өнө эртнээс улбаатай  сайн хөршийн найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд түүний нэг илэрхийлэл нь Парламент хоорондын байнгын ажиллагаатай бүлэг байгуулагдсан явдал юм. Монголын парламентад улс хоорондын хоёр талт хамтын  ажиллагааны 51 бүлэг  үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан Малеев тэргүүтэй ОХУ-ын Думын төлөөлөгчид манай улсад айлчилж хоёр орны хөгжлийн чухал асуудлуудаар парламентын гишүүдтэй уулзаж санал солилцсон. Монгол-Буриадын бүлгийн ажлын хүрээнд энэ оны аравдугаар сарын сүүлээр Буриадын төр засгийн удирдлагууд болон ажил хэрэгч эмэгтэйчүүдтэй уулзалт хийсэн нь бидэнд ажлын эрч хүч, урам өгсөн сайхан арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн Төрийн бус байгууллага хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг байгуулж хоёр орны ард иргэдийн хооронд ах дүүгийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэх, төрийн болон урлаг, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлд нэмэр болсон гэж бид үнэлж байгаа. Энэ удаагийн уулзалт ч мөн үр дүнтэй, ажил хэрэгч болно гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотноо өрхийн аж ахуйг хэрхэн бий болгож, хөгжүүлж буй талаар эмэгтэйчүүдийн туршлага солилцох үзэсгэлэн гаргах, мөн Чингисийн их хатдын нутаг болох Дуурлиг нарст “Их хатдын өргөө”-ний нээлтийн ёслолын арга хэмжээ болох юм. Энэхүү арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Түүнчлэн  наймдугаар сард Улаан-Үүд хотноо “Үр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан” сэдвээр эмэгтэйчүүдийн зөвлөгөөн хийх саналтай байна. Уг арга хэмжээг зохион байгуулах тодорхой санал,илтгэл, хэлэлцүүлгийн талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ. “
Хатагтай Хамаганова Наталья Николаевна,  энэ удаагийн айлчлалд өргөн бүрэлдэхүүнтэй ирэх байсан боловч парламентаар ирэх оны төсөв хэлэлцэж, мөн шинэ жилийн бэлтгэл ажил гээд оны эцэст ажлын ачаалал ихтэй байгаагийн улмаас цөөн тооны бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснээ дуулгасан. Тэрбээр цааш нь хэлэхдээ, биднийг найрсаг, халуун дотноор  хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтай. Бид бие биенээсээ суралцаж,  харилцан тусалж, бие биенээ дэмжин хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна. Монголд суугаа манай байнгын төлөөлөгч нэг жил ажиллах хугацаандаа  хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр их зүйлийг хийж гүйцэтгэсэн. Бид цаашид  тодорхой салбар чиглэлээр  хамтын ажиллагааны   гэрээ хэлэлцээрүүд байгуулах зорилготой ажиллаж байна. Түүнчлэн жирийн иргэд хоорондын харилцаа, ахмад, хүүхэд, залуусыг харилцан солилцоог дэмжиж ажилласнаар  тэднийг  бие биеэсээ суралцаж, туршлага судлах, ах дүү, найз нөхдийн харилцаагаа улам  бэхжүүлэн өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.  Бидэнд улс төр, бизнес, соёл, урлаг гээд бүхий л салбарт бие биеэсээ суралцах, туршлага судлах өргөн боломж  нээлттэй бий гэсэн юм.

Уулзалт халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд болж өндөрлөсний дараа төлөөлөгчид  УИХ-ын гишүүн, УИХ дахь  Монгол ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцантай уулзав.                                 

Богинохон хугацаатай ч манай оронд  айлчилж, ажил хэргийн уулзалтууд  хийж байгаа  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүн амын нийгмийн хамгааллын сайд хатагтай Хамаганова Наталья Николаевна тэргүүтэй төлөөлөгчдөд  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан хувиасаа болон намын бүлгийн гишүүдийнхээ  өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр  хэлэхдээ,  парламент хоорондын хамтын ажиллагаа олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлэгт олон гишүүд ажилладаг , тэдний дотроос тус парламентын бүлгийг  ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Арвин  парламентын бүлэг хоорондын болон  бусад салбарын хамтын  ажиллагааг өргөжүүлэн  идэвхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж  ажиллаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Арвин гишүүний гаргасан  Ханх-Мондын чиглэлд зам тавих, Хөвсгөл, Байгальд  аялал жуулчлал хөгжүүлэх төслийг хоёр намын бүлэг дэмжиж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвт тусгагдсан.  Хүмүүс алс холын америк, япон зэрэг орнуудаар явж үзнэ гэхээсээ илүү  хөрш зэргэлдээ хил орчмын болон дотоодын  нутаг орноороо  аялж байгалийн сайхантай танилцах хэрэгтэй гэж боддог.  Хүмүүс хоорондын харилцаа юу юунаас илүү чухал. Цаашид хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахад бэлэн байна. Хэдийгээр гадаа цаг агаар хүйтэн байгаа ч бидний сэтгэл халуун дулаан байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье гэлээ.

    Уулзалтын дараа төлөөлөгчид чуулганы хуралдааны танхим  болон Төрийн хүндэтгэлийн  есөн хөлт их цагаан тугийг үзэж сонирхов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж