30 тонн мах нууцаар гаргах гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

30 тонн мах нууцаар гаргах гэж байжээ

Хятад иргэд их хэмжээгээр мах бэлтгэж, хилээр гаргахыг завдсан хэрэг гарах болсон. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Ган-Ялалтаас тодрууллаа.

-Хятад иргэд их хэмжээгээр мах бэлтгэж хилээр гаргахыг завдсан талаар мэдээлэл цацагдсан. Мөн энэ хэрэгт монгол иргэд ч бас холбогдсон талаар сонслоо. Энэ үнэн үү?

– Энэ сарын 3-нд Баянгол дүүргийн арванхоёрдугаар  хорооны XXI байрны ард барьж байгаа барилгын хонгилд их хэмжээний мах буулгалаа гэдэг мэдээллийн дагуу шалгаж БНХАУ-ын иргэн 41 настай Shen Yajun гэгч монгол иргэдтэй хамтран урд хилээр гаргахаар завдсаныг илрүүлсэн. Тэдгээр иргэдийн хувьд гарал үүслийн болон бусад зөвшөөрөлгүйгээр 30 орчим тонн ямааны мах бэлтгэсэн байсан. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.

-Мөн монгол иргэн хятадуудтай хамтран ямааны мах жижиглэн бэлтгэснийг илрүүлсэн гэж сонссон. Энэ дээрх хэргээс тусдаа юу. Эсвэл нэг бүлэг хүмүүс юм болов уу?

-Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хороо “Экопэтс фүүд ХХК-ний хашаанд хятадууд их хэмжээний ямааны мах бэлтгэж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу дүүргийн цагдаагийн алба хаагчид шалгаснаар тус компанийн агуулахыг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн арваннаймдугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Б гэгч 2061 ширхэг ямааны гулууз мах бэлтгэн 840 граммаар бэлтгэн жижиглэн савласныг илрүүлсэн. Сүүлийн үед махны үнийг хууль бусаар нэмдэг. Мөн их хэмжээгээр бэлтгэж хилээр гаргахыг завддаг зөрчил цөөнгүй гарах боллоо. Хууль бус үйл ажиллагаатай ганцхан цагдаагийн байгууллага биш иргэдийн хамтарсан тэмцэл чухал. Тиймээс энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст өгөх нь гэмт явдлаас сэрэмжлэхэд томоохон туслалцаа болохыг иргэд анхаарах хэрэгтэй байна.

Н.Түвшин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж