Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол…

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол…

Уншигч танд  Ардчилсан хувьсгалын  20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Бид өнөөдөр ямар хүчин зүйлийн нөлөөгөөр хэнээс ч хараат бус, хэний ч нөлөөнд бус өөрийнхөөрөө амьдарч, алхаж гишгэж байна вэ? Энэ илтгэлийг ч мөн л хэн нэгнээс айж эмээлгүйгээр бичих боломжийг олгосон тэр хүчин зүйлийн тухай та бүхэн доор бүрнээ тунгааж байгаа байх аа. 20 жилийн өмнө бид яг өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй, инээмсэглэлтэй, амьдралаа хүссэнээрээ өөрчилж, өөрийн гэсэн орон байр, өмч хөрөнгөтэй байх гэдгийг мэддэггүй, тийм боломж байхгүй юм шиг бодож байсан нь гашуун үнэн. Тэр үед монгол оронд социализм хэмээх хар шуурга исгэрч, тэрхүү өршөөлгүй догшин шуурганд монголчууд хайран цаг хугацаа, алтан мөчөө халж, эрх чөлөө рүү тэмүүлсэн билээ. Та бүхэн 1937 оныг тод санаж байгаа. Хэдэн зуун мянган монголчуудын алтан амийг хилсээр бүрэлгэж, хэдэн зуун мянган гэр бүлийг хагацлын манангаар хучсан тэр аймшигт өдрүүд бидний сэтгэл зүрхэнд тарчлаан болон үлдсэн. Хэрвээ 1990 оны12 дугаар сарын 6-ны өдөр Ардчилал хэмээх авралын оч бамбар болон асаагүй бол нэгэн цагт дэлхийн хаан нь байсан монголчууд өдгөө харанхуй бүдүүлэг ангалд орших эс оршихын дунд байх байсан нь гашуун үнэн.

Чөлөөтэй амьдарч, чөлөөтэй сэтгэж, хэнээс ч хараат бус байж, хэнд ч дийлдэшгүй хүчирхэг байгаа минь 20 жилийн өмнөх хөгжлийн дээд шат болсон тайван жагсаал цуглааны үрээр бий болсон Ардчилсан хувьсгалтай холбоотой гэхэд маргах хүн гарахгүй байх гэдэгт итгэж байна.

Тийм ээ, бид нэг дэлхий дээр амьдарч нэг агаараар амьсгалж байгаа нэг ертөнцийн хүмүүс. Хүний амьдрал тайван, тасралтгүй бас аз жаргалтай байх ёстой. Тийм амьдралыг бий болгох нь тухайн нийгмийн нөхцөл байдалтай шууд холбогдоно. Харин өнөөдрийн сайхан нийгэм, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуртай ажлаа шахалт шаардлагагүй хийж, дуртай цагтаа зоогийн газарт орж, шар айраг шимж, төрийн тэргүүнээ ч улсын хөгжлийн төлөө ажиллаж чадсангүй гэж огцруулах бүрэн эрхтэй болсон. Энэ бол Ардчиллын жинхэнэ утга мөн чанар гэж бодож байна. Ард түмэн хэний ч өмнө хүчтэй нэгдэл болсон нь ямар гайхалтай вэ.

Хувийн өмчтэй болж, энэ минийх хэмээн цээжээ дэлдэх бүх боломжийг бүрдүүлсэн бүр цаашилбал гадаадад чөлөөтэй зорчих эрхийг бидэнд олгосон нь Ардчилсан хувьсгалын томоохон гавъяа.

Хэрвээ 1990 онд Ардчилал хэмээх нэгэн их хүч монголчуудын оюун санаанд нөлөөлөн орж ирээгүй байсан бол өнөөдөр бид ямархуу байхыг төсөөлөхөд ч бэрх. Хичнээн их  мал сүрэг өмч хөрөнгөтэй байсан ч эзэнгүй, төчнөөн эрүүл ухаан байсан ч тэр нь үнэгүй, хавчигдмал боолчилсон, харанхуй бүдүүлэг нийгэм биднийг захирах байсан бус уу.

Оюун санаа, сэтгэхүйн доройтлоос монголчуудыг аварсан 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ачтай, хүмүүст талархалаа илэрхийлье. Чухам үүний ачаар л бид дэлхийн өнцөг буланд очиж, өөрийн баялаг бүтээж, хэн нэгний тушаалаар биш, хувь хүний ухамсар сэтгэлээр мөрөөдөлдөө хүрч байна. Зүрх сэтгэлээ өгсөн насныхаа ханьтай амьдарч байна. Мөн өөрийнхөө хүссэн газар нутагт ажиллаж амьдрах сайхан боломж олджээ.Ингэж хэлсний учир нь социализм ноёлж байсан тэр цаг үед бидний өвөө, эмээ нарыг огт сэтгэлгүй хүнтэй хүчээр суулгаж, танихгүй газарт ажиллуулж, үзэл суртлын золиос болгож байсан гэдгийг баримт түшин ярих хүмүүс олон бий. Тийм харанхуй, эрх чөлөө боогдмол нийгэмд монголчууд олон жилийг үдсэн нь харамсалтай.

Ардчилал хэмээх эрх чөлөөний шувуу бидэнд бэлэг өгөөгүй байсан тэр үеийн бас нэгэн жишээ дурдъя.Монголчуудын үндэсний баялаг болсон мал сүргээ олон зуун жилийн өмнөөс адуулан маллаж ирсэн агуу их түүх соёлын уурхай малчдыг тухайн үед шийтгэн яллаж байгаа мэтээр ойлгуулж байсан. Үүний нэг илрэл нь албан тушаалын хариуцлага алдсан хүнд өгдөг шийтгэл нь хөдөө гаргаж, малчин болгох тухай тушаал гаргадаг байснаас тодорхой харагдана.харин малчдын хувьд амь зуухын төлөө нэгдэл нийгмийн малыг жилийн дөрвөн улиралдаа адуулан маллаж, өчүүхэн хөлс ацаг авч байсан тэд шийтгүүлж байна гэж төсөөлөө ч үгүй байсан нь харамсалтай. Хүний ёсноос гадуур тушаал гаргаж, хүний бодол сэтгэлийг чөдөрлөн хааж байсан тэр бурангуй үе бидний хойч үед дахин битгий тохиолдоосой хэмээн үртэй бүхэн бүхэн залбирч байна.

Нийгмийг өөрчилж, харанхуйгаас гэтэлгэн бий болсон эрх чөлөөт нийгмийн Ардчиллын үнэт зүйлсийг буруугаар ашиглаж, далбаан доор нь өөрсдийн ашиг сонирхолоос үүдсэн, иргэдийн тархийг угаасан нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлсэн бодлого хэрэгжүүлж, түүнийгээ ажил хэрэг болгож байгаа хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл эрх чөлөөт ард түмний хөгжлийн замд саад учруулж байгаа нь нууц бишээ. Энэ тухай Ардчиллалыг үндэслэгчдийн нэг өдгөөгийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл : “Ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж явах үед замаас олон морьд нийлсэн. Зарим нь зөв уяаных байсан харин зарим нь бидний эхлүүлсэн зүйлийг ашиглаж, шударга бусаар биднээс түрүүлэх гэсэн морьд байсан.” Гэж хэлж байсан билээ. 

Ардчиллын үр нөлөөгөөр зорилго чиглэлээ тодорхойлсон Монголын Ардчилсан нам 1991 онд Эрдэнийн Бат-Үүл даргатайгаар байгуулагдлаа.

-Хүний жам ёсны заяагдмал эрх
– Эрх чөлөөний баталгаа болох хувийн өмч
– Хувь хүний эрх ашиг, хариуцлагын ухамсар
– Хувь хүний авъяас чадвар, хүсэл тэмүүлэл
– Өрх гэрийн чинээлэг оршихуй
– Төрийн хязгаарлагдмал оролцоо
– Төрийн нээлттэй болоод иргэдэд хянагдах тогтолцоо
– Иргэний нээлттэй нийгэм
– Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл
– Жендерийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг эрхэмлэн өрнүүлсэн хувьсгалаа үргэлжлүүлж байгаа. Гэвч дээр дурдсан зүйлсийн зарим нь цаг өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, цаг үеийн шаардлагаар тэр бүр жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгааг бид мэдэж байгаа. Нэгэнтээ бүтээсэн үнэт зүйлс харицах ёстой, үргэлжлүүлэх ёстой их үйлээ заасан үүрэг чиглэлийнхээ дагуу авч яьах ёстойг Ардчилсан намын гишүүд дэмжигчид анхааралдаа авч, алдаа дутагдлаа залруулна гэдэгт итгэж байна.

Хамгийн түрүүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улсынхаа эрх баригчдын хийж байгаа үйл ажил үйлдэл бүрийг хянаж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл эсэргүүцэх эрхтэй болсон минь бидний хувьд гэрэлт амьдрал руу тэмүүлэх чухал алхам билээ.

Шударгаар хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч, үнэнийг хэлж, үзгээ хурцлах агшин бүрээс аюухгүй болсон цаг үеийг олгосон.

Тив дэлхий алгасан тээж ирсэн хорвоогийн ховор сонин бүхнийг эдэлж, хэрэглэж, идэж уух бүхий л нөхцөл бололцоо өнөөдөр бидэнд нээлттэй болжээ.
Хэрвээ Ардчилсан хувьсгалын шуурга монгол орныг дайраагүй бол бид хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй “харанхуй засаг”-лалд дарлагдсаар байх байсныг ухамсар оюунтай хүн бүхэн мэдэж байгаа. Гэвч манжийн дарлалд байсан шиг 200 жилийн зовлонг туулаагүй ч социализмын үзэл санааг, үгүй болгож, үлдэн хөөж чадсандаа бид омгорхох ёстой.

Хэрвээ Монголд 21-р зууны түүх болсон их хувьсгал ялаагүй байсан бол хэн энэ их машиныг эзэгнэж, хэн энэ олон орон сууцыг өмчилж, хэн энэ тоолж баршгүй мөнгөн дунд умбах байсан гэж.Хэрвээ бид Ардчиллыг олж чадаагүй байсан бол хэзээ дэлхийн захад хүрч, ертөнцийн хэмжээнд сэтгэж чадах байсныг хэлэхэд бэрх.

Өнөөдөр барууны  хүчирхэг гүрэн АНУ-ын иргэд 44 дэх удаагийн ерөнхийлөгчөөрөө Ардчилсан намын гишүүн Барак Обамаг сонгосон нь эрх чөлөөнийхөө баталгааг илүүтэй хүртэх гэсэн эрмэлзлэлээ харууллаа.

Түүнтэй нэгэн адил монголчууд төрийн тэргүүнээрээ Ардчилсан намын лидерыг сонгож, хөгжил дэвшлээ даатгаад байна.

Эрх чөлөө тусгаар тогтнолоо хэвээр хадгалж үлдэхийн тулд жил ирэх тусам будлиан самуунтай явагддаг сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг монголын ард түмэн шаардаж байна. Үнэнийг гуйвуулж, жирийн иргэдийн саналыг хүчгүйдүүлсэн гэж эрх баригчдыг буруутган эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалыг эцэст нь үймээн самуун болгож даамжруулсны улмаас нөхцөл байдал хурцдаж, таван хүний амь нас хохирсон харамсалтай явдал болсныг бид мэдэж байгаа. Энэ бол монголчууд эрх чөлөөний төлөө тэмцэгч, худал хуурмаг бүхнийг удаан тэвчиж чадахгүй болохын баталгаа боллоо хэмээн манай улсын сонгуулийн үр дүнг ажиглагч гадаадынхан тухайн үед тэмдэглэж байсан.

Ард түмэндээ өгсөн эрх чөлөөнийх нь баталгааг улам бүр бат бөх болгож өгөхийг иргэд хүлээж байна. Учир нь сүүлийн үед Ардчиллын тулгуур болсон Ардчилсан намыг эрх баригч намын өвөрт нуугдсан өрөвдөлтэй жаал мэтээр ойлгуулж, нэр нь бүдгэрсээр удахгүй ийм нам үгүй болно гэдэг бор шувууг өрсөлдөгч нам олны дунд нисгэж байгаа нь жирийн иргэдийн Ардчилалд итгэх итгэлийг үгүй хийж байгаа томоохон цохилт болж байна.

Хорин жилийн өмнөх түүхийг өгүүлэн, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа Ардчилсан хувьсгал энэ өдрүүдэд 20 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. 1990 оны 12-р сарын 6-ны өдөр Монголын ард түмнийг зүүднээс нь сэрээсэн Ардчиллын баярын /АН-ын / мэндийг та бүхэнд хүргэж байна.

Утга төгөлдөр бүхнийг бидэнд бэлэглэсэн  Ардчилал, түүний үргэлжлэл “Ардчилсан намын түүх нь Монгол улсын шинэ үеийн түүхийн нэгээхэн хэсэг тул цааш нь улам баяжуулж, дэлгэрүүлэх нь уг үйл хэрэгт оролцож, явсан ахмад нөхөд, түүхч судлаач бусад сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй байх болно”  хэмээсэн Ардчилсан намын даргын үгээр илтгэлээ өндөрлье.

Ийм сайхан эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд олгосон Ардчилал тандаа баярллаа гэж мянга мянган залуусынхаа өмнөөс хашгирч хэлье. Бүр цээжээ дэлдэн байж бахархаж байгаагаа АРДЧИЛАЛ  танд хэлье.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж