“Хүний эрх-ХДХВ” уралдааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Хүний эрх-ХДХВ” уралдааны дүн гарлаа

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, МУЗН, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас нийт сонин хэвлэл, телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн гарчээ. Уралдаанд оролцогчид ХДХВ ба ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, нэгэнт халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх хүмүүнлэг, иргэний зарчмыг баримтласан, ХДХВ ба ДОХ-ийн талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн  олон арван бүтээл ирүүлсэн аж. Шагналыг маргааш  “Мобиком” компанийн “М-club”-т болох “VIP-WAD” арга хэмжээний үеэр гардуулах юм байна.

Шагнал авсан уран бүтээлийг танилцуулбал, телевизийн шилдэг бүтээлээр нэгдүгээр байрт “C1” телевизийн сурвалжлагч А.Алтанцэцэгийн бэлтгэсэн “Зохиомж” нэвтрүүлэг шалгарч нэг сая төгрөгөөр, хоёрдугаар байрт  МҮОНТ-ийн найруулагч Н.Уранчимэгийн бэлтгэсэн “Халдвар” нэвтрүүлэг шалгарч 800 мянган төгрөгөөр, гуравдугаар байрт  МҮОНТ-ийн сурвалжлагч Д.Нарантуяагийн бэлтгэсэн “Эзэнгүйдэл” нэвтрүүлэг шалгарч 500 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ. Тусгай байранд “Ардирмедиа” студийн найруулагч П.Уламнарантуяагийн бэлтгэсэн “АВС” дүрэм ролек, UBS телевизийн сурвалжлагч Ж.Ундрахбаярын бэлтгэсэн “Асуулт” нэвтрүүлэг тус тус шалгарсан байна.  

Сонин хэвлэлийн шилдэг бүтээлээр нэгдүгээр байрт “Нийгмийн толь” сонины сурвалжлагч С.Туулын бичсэн “Эвтэй байхдаа хүчтэй байдгийг эргэн нэг сануулая” цуврал бүтээл шалгарч 300 мянган төгрөгөөр шагнуулжээ. Хоёрдугаар байрт “МОНЦАМЭ мэдээ” сонины сурвалжлагч Д.Өлзийсайханы бичсэн “Хүмүүсийн найрсаг харилцаанаас ДОХ эмээдэг” цуврал бүтээл, “Өдрийн шуудан” сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн бичсэн “Бурхан минь таван сая бэлгэвч хайрлаач” бүтээл тус тус шалгарч 200 мянган төгрөгийн шагнал авчээ. “Өнөөдөр” сонины сурвалжлагч Б.Энхмарт, С.Батзаяа нарын бичсэн “Бид ганцаардлын торонд суудаг аймхай хүмүүс” бүтээл, “Хайрын зөрлөг” сонины сурвалжлагч А.Баярсайханы бичсэн “Өргөдөл” бүтээл, www.guren.mn сайтын сурвалжлагч Х.Өнөрсайханы бичсэн “Та төсөөлж чадах уу, ДОХ-ын талаарх ташаа ойлголтууд 360 градус байдаг тухай” бүтээл тус тус гуравдугаар байрт шалгарч 100 мянган төгрөгөөр шагнуулсан аж. Тусгай байрт “Өнөөдөр” сонины сурвалжлагч Л.Ганчимэг, Дорноговь аймгийн сэтгүүлч Н.Пэрэнлэй, “Увсын амьдрал” сонины сурвалжлагч Б.Замбал, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч О.Эрдэнэбүрэн, “Өнөөдрийн тойм” сонины сурвалжлагч Б.Анхцэцэг, “Алаг хорвоо” сонины сурвалжлагч Л.Гомбожав, “Үнэн” сонины сурвалжлагч Н.Даариймаа, “МОНЦАМЭ мэдээ” сонины сурвалжлагч Б.Туул нарын бүтээлүүд тус тус эзэлжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж