АНУ-ын санхүүгийн салбарынхан сандарч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын санхүүгийн салбарынхан сандарч байна

“Таймс”, “Форбес” сэт­гүүлийн 2010 оны шилдэг хү­нээр тодрох магадлал өн­дөр байгаа Жулиан Ассанж энэ удаа банкуудыг онилжээ. Тэрбээр “Форбес” сэтгүүлд өгсөн ярилц­лагадаа “Wikileaks”-ийн дараагийн шуугиан АНУ-ын санхүүгийн зах зээл­тэй холбоотой гэсэн юм. Үүнээс болж олон улсын биржүүд дэх Америкийн бан­куудын хувьцаа унаж, хө­рөнгө оруулагчдыг нэлээд хөдөлгөөнд оруулаад байна. Их гүрний төр засгийн тэр­гүүн нарыг сандаргаж, олон улсын аюулгүй  байдалд за­налхийлсэн нууцын зэрэг­лэлтэй мэдээлэл цацсан хэ­мээн буруутгагдаж байгаа Ж.Ассанжид банктай хол­боотой ямар нууц баримт байж болох вэ гэдэг дээр шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлжээ.

“Форбес” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэр­бээр ирэх оны эхээр цацахаар төлөвлөсөн мэдээллийнхээ та­лаар “Банк­ны удирдлагын түвшинд хэр­хэн шийдвэр гаргаж, шинэч­лэл хийж байсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно” хэмээн онцолсон байна. Ха­рин үүнээс өмнө өн­гөрсөн оны аравдугаар сард тэрбээр “IDG” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Bank of America”-ын гүйцэтгэх захир­лын компьютерээс АНУ-ын банк, санхүүгийн зах зээлтэй холбоотой чухал баримт бүхий таван гигабайт хэм­жээтэй файл авсан хэмээн мэдэгдэж байжээ. Гэхдээ ту­хайн үед Ж.Ассанж тэдгээр мэдээллээ хэрхэн олон ний­тэд хүргэхээ сайн мэдэхгүй бай­на гэж байсан юм. “Нью-Йорк Таймс” сонины онцолж буйгаар энэ нь 600 мянга шахам хуудас гэсэн үг юм. Үүнтэй зэрэгцээд “Bank of America”-ын мэдэгдэл гарчээ. Тус банк­ны төлөөлөгчид “Бид жил гаруйн өмнө  Ж.Ассанжийн гаргасан мэдэгдлийн дагуу шалгаж үзсэн. Тэр үед банк­ны гүйцэтгэх захирлын компью­терээс мэдээлэл авсан гэх ямар ч нотолгоо олдоогүй” гэсэн байна. Ямартай ч үүнээс болж энэ сарын 1-нд “Bank of America”-ын хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 3.18 хувиар буурсан юм. Гэхдээ маргаашаас нь эхлэн харьцангуй тогтворжиж, 0.5 хувийн өсөлт ажиглагджээ. “Wikileaks”-ийн шинэ ба­римтууд банкуудын тухай таагүй мэдээлэл агуулсан байвал энэ нь сан­хүүгийн зах зээлд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим ажиглагч үзэж байна.

“Bank of America”-ын хувьд өнгөрсөн сард мор­гейжийн зээлтэй холбоотой асуудлаар шүүхэд хэрэг үүс­гэн шалгагдсан. Энэ үеэр тус банкны ажилтан “Bank of America”-ын мэдэлд байдаг нэгэн моргейжийн компани үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгохдоо чухал барим­туудаа алдсан тухай мэдэгдэж байв. “Countrywide Financial”-ийн моргейжийн зээл хариуцсан шинжээч асан, “Bank of America”-ын тэргүүн сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоёр сая гаруй харилцагчийнхаа мэдээллийг нууцаар авч, зээлийн ком­паниудад худалдсан хэ­рэгтээ хариуцлага хүлээх бо­лоод байгаа. Нийт 20 мян­ган файл байгаагаас тус бүрт нь 500 ам.долларын тор­гууль ноогдуулж магадгүй юм. Тиймээс шинжээчид “Wikileaks”-ийн баримтууд мор­гейжийн зээлтэй хол­боотой байж магадгүй гэж таамаглаж байна.

Өнгөрсөн долоо  хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын холбоо, Олон улсын валютын сан хямралын үеэр банк, санхүүгийн бай­гууллагуудад хэр их хэм­жээний зээл олгосноо дэл­гэрэнгүй тайлагнасан. Уолл Стритийн пүүсүүд эдгээрийн нэлээд томоохон хувийг эзэлж байгаа юм. Холбооны нөөцийн сангийн улирлын тайланд дурьдсанаар “Bank of America”, “Wells Fargo”, “Citibank”, “JPMorgan Chase” тус бүр 15 тэрбум ам.долларын зээл авсан хэмээн “Bloomberg” мэдээлжээ. Түүнчлэн АНУ-ын төв банк Европын банкуудад ч их хэмжээний зээл олгожээ. Гэтэл тэдгээр нь бас Европын төв банк зэрэг байгууллагуудаас нэлээд их хэмжээний санхүүгийн тус­­ламж хүртсэн билээ. Сан­­хүүгийн хямралын нө­лөө­гөөр банк, санхүүгийн бай­гууллагуудтай холбоотой зээ­лийн хүрээнд түүний цаа­­дах нууц баримтуудыг “Wikileaks” дэлгэн харуулж ма­­гадгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Банкуудаас гадна “Бри­тиш Петролиум”-ын байгаль орчинд учруулсан хор хо­хирлын бодит хэмжээг ха­руулсан мэдээлэл Ж.Ассан­жийн мэдэлд байгаа бололтой. Саяхан тэрбээр Швейцарийн банкинд данстай Хятадын өндөр албан тушаалтнууд бо­лон Ирландын “Kaupthing Bank”-ны талаарх барим­туудыг нийтэд дэлгэсэн юм.

“Wikileaks” АНУ-ын Зас­гийн газрыг цочроож, дэлхийг сандаргаж байна. Одоо зөв­хөн улс төрийн бодлогын хүрээнээс халин гарч, эдийн засгийн талбарыг сонирхох болжээ. Энэ бүхэн кибер ертөнцөд мэдээллийн аюулгүй байдал гээч зүйл байхгүй болсныг батлах том нотолгоо юм. Интернэт гэгч зүйл гарч, олон нийтийн мэдээллийн эргэх холбоог сайжруулснаар нууц гэдэг ойлголт үгүй болох бололтой.

“Wikileaks” саяхан АНУ-ын элчин сайд нарын тухай улс гүрнүүдийн харилцааг хөндсөн олон баримт дэлгэсэн билээ. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт Германы чөлөөт демократ намын төв штабын ажилтан Гельмут Метцнер халагдсан билээ. Харин энэ долоо хоногоос АНУ-ын засаг захиргаа “Wikilieaks”-т нэр дурьдагдсан дипломатуудаа эргүүлэн татаж, өөр албанд томилохоор болжээ. Ж.Ас­санжийн дэлгэсэн “Google”-тэй холбоотой нэг баримт нэлээд сонирхол татаж байгаа. Өмнө нь 2009 оны тавдугаар сард “Google”-ийн цахим хуудас хакерын халдлагад өртсөн. Харин энэ ажлыг Хятадын Засгийн газрын төлөөлөгч, нэлээд өндөр албан тушаал хашдаг Ли Чангчун зохион байгуулсан гэдгийг “Wikileaks” онцолжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын бодлого боловсруулагчид өөрсдөө “Google” домейноо хааж, тус улс дахь үйл ажиллагаагаа  зогсоохыг хүсч байсан аж.

Ж.Ассанжийг хүчингийн хэрэгт буруутган Интерполоор ба­рихыг Их Британийн хууль сахиулагчдад үүрэг бол­госон билээ. Олон улсын хэвлэлүүдээр “Компьютерын суутан” хэмээн нэрлэгдээд байгаа түүний хувьд үүнд хариу мэдэгдэл хийсэн бай­на. Тэрбээр хүчингийн хэр­гийг ор үндэсгүй зүйл гэж няцаагаад хэрэв өөрийг нь баривчлах ямар нэг оролдлого хийх юм бол нэгдүгээр түвшний нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг интернэтээр цацах болно гэсэн юм. Эхний ээлжинд тэдний заримаас код ашиглан нээх боломжтойгоор сайтдаа тавьсан гэжээ. Гэх­дээ мэргэжилтнүүд тэр­хүү кодыг тайлж чадахгүй бай­на. Ямартай ч АНУ-ын Засгийн газар уржигдар Ж.Ассанжийн wikileaks.org сайтын домейныг хаасан юм. Үүний хариуд Швейцарийн домэйн нэр авч wikileaks.ch болж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Энэ бүхэнд Швейцарийн холбогдох албаны хүмүүс тайлбар өгч, “Бидэнд wikileaks.ch-ийг хаах үндэслэл байхгүй” гэсэн байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж