Арилжааны банкны салбаруудаар “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авахаар дугаарлаж буй хүмүүс олон байв. Зарим нь мөнгөө аваад гарч байгаа бол “Таны мөнгө ороогүй байна” гэх хариултыг сонсоод гарч байгаа хүн ч цөөнгүй байх аж. Ямартай ч банкны ажилчид “Манайд санхүүжилт байгаа. Мөнгө авах эрх нь нээгдээгүй хүмүүс олон байна” гэх хариултыг өглөө. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн нэрсийг хорооноос нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгдөг. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлдэг билээ. Улмаар нэр нь очсон хүмүүсийн мөнгө сарын дотор дансанд нь орох ёстой юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиход урт дараалал үүсгэсэн хүмүүсийн танил дүр зураг угтав. Гэхдээ энэ удаад иргэд бичиг баримтын лавлагаа авахаар бус “Мөнгө маань ордоггүй. Яасан юм бол” гэдэг асуултад хариулт авахаар дугаарлаж байлаа. Өчигдөр өглөө 11 цагийн орчимд тус газрын төв байрны ард талын “1890 Улсын бүртгэлийн нэгдсэн лавлагаа” гэсэн хаягтай хаалга руу орохоор 100 гаруй иргэн дугаарлан зогссон байв. Иргэд нэлээд хэд хоногийн өмнөөс ийнхүү дугаарлаж байгаа бөгөөд сүүлийн үед харьцангуй цөөрөөд байгаа нь энэ аж. Уг нь Иргэний шинэчилсэн бүртгэлд ямар нэг бичиг баримтын зөрчилгүй хүнийг бүртгэсэн баймаар. Гэтэл бүртгүүлээд мөнгөө авах гэхээр “Зөрчилтэй байна. Яасан юм бол” гэх асуултыг эргүүлж асуугаад эндээс ч тодруул, тэндээс ч асуу гээд явуулаад байгаа аж. Ямартай ч энэ нь иргэний бүртгэлдээ хамрагдсан иргэдийн биш, тэднийг бүртгэсэн, нэрсийг нь явуулаагүй төрийн байгууллагын ажилтнуудын алдаа бололтой. УБЕГ-ынхан 1890 дугаарт залган Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар руу явуулсан нэрс болон, өөрийн зөрчлийг лавлаж болно хэмээж байгаа ч утасны цаадах мэргэжилтнээс хариулт авсан нэг ч хүн байхгүй бололтой юм билээ. Учир нь тэр утас нь залгаад авдаггүй, авсан ч утасны нэгж үрээд юу ч дуугардаггүй гэдгийг олон хүн хэлсэн. Тус газраас гарч ирж буй иргэд “Нэг хүүгийн маань насыг буруу биччихсэн байна. Бусдынхыг нь шивж явуулаагүй байна гэнэ. Овгийн үсгийг нь буруу биччихэж. Нэгнийх нь мөнгө 14 хоногийн дараа, нөгөөхийнх нь мөнгө 10-аад хоногийн дараа орно гэнэ” гэх хэдхэн хариулттай гарч ирж байлаа. Бас иргэд “Санхүүжилт нь байгаа байлгүй дээ” гэх аж. УБЕГ-ын Иргэний баримтын архиваас лавлагаа авах гэсэн хүний тоо урьдынхаасаа үл мэдэг цөөрсөн харагдсан.
Иргэдийн дунд санхүүжилт нь дуусчихсан юм болов уу, он гарчихвал мөнгийг маань өгөх болов уу гэх хардлага ч байгаа юм билээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-Одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын хэдэн хувь нь 50 мянган төгрөгөө авсан бэ?
-Хамгийн сүүлийн мэдээллээр 52 орчим хувь нь авсан байна. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй, зөрчлөө арилгуулаагүй хүмүүсийн мөнгө авах эрх нээгдээгүй байгаа.
-Уг мөнгийг энэ сард олгож дуусна гэж байсан. Гэтэл он дуусах дөхөж байна. Аваагүй хүмүүсийн мөнгийг яах вэ. Санхүүжилт нь дуусчихаад хүмүүсийг явуулаад байгаа юм биш биз дээ?
-“Хүний хөгжил сан”-гийн санхүүжилтийг Засгийн газраас бүрэн хийчихсэн. Банкуудад байршуулчихсан байгаа. Он гарсан ч уг мөнгө байх ёстой газраа байж л байна. Тиймээс санаа зовох хэрэггүй. Хэзээ ч авч болно.
Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин