Уго Чавес болохын чинээ санасангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Уго Чавес болохын чинээ санасангүй

Д.Зоригтыг Уго Чавес болохын чинээ санасангүй

Монголын улс төрд Н.Энхбаярыг  “ялж” цагаасаа эрт цойлж орж ирсэн УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг Уго Чавес болохын чинээ  санасангүй.  Түүнийг  тэртээ Венесуэлийн дарангуйлагч Чавестай зүйрлэнэ гэдэгт ч итгэмээргүй. Гэвч итгэхээс өөр,  ингэж бичихээс ондоо арга алга. Түүнийг  цаг хугацаа өнгөрөх тусам  улам мэргэшиж, улс төрчийнхөө хувьд  алдаршина гэсэн хү­лээлт бидний үеийн залууст нэг үе байсан. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэдэг ардын үг яасан үнэн.  Гашуун үгийг түүнд хаяглаж, XXI зууны элэг доог болсон Чавeстай адилтган бичих цаг нэгэнт болсон байна.  Одоо Д.Зоригт сайдын хар хавтсанд 254 алтны шороон ордын лиценз  хүчингүй болсон нэрс  дурайж байгаа.  Хүчингүй болсон лицензүүдийн тоог улам нэмж 1800 болгоно хэмээн тэр “заналхийлж” байгаа.  Тэр “заналхийлэл”-ийг нь  гадны сайтууд аль хэдийнэ ертөнцийн сонорт хүргэчихсэн гээд бод доо.   Төрийн өндөр албан тушаалд очсон түүнд одоо улам л бяр амтагдаж байгаа болохоос биш өнгөрсөн 20 жилийн хугацаанд Туулын мөсийг долоох нь холгүй явж босгосон мөнгө, цаг наргүй зүтгэсэн  хөдөлмөрөө “арчуулах” гэж буй үндэсний бизнесмэнүүдийн шаналан огтоос хамаагүй болжээ. Тиймээ,  тэр бизнесийг ойлгохгүй.  Учир нь тэр бизнес эрхэлж явсангүй. Тэгэхээр нэг центийг яаж олдогийг,  лиценз аваад хайгуул хийхэд ямар их эрсдэл тулгардгийг, эрсдлээ дааж хайгуул хийхийн тулд мөнгө яаж босгодгийг  төсөөлөх ч  үгүй.  Эрдэс баялаг эрчим хүчний сайдын хувьд  том  том мөнгөний тоо л хэлж  мэдэхээс  юу ч байхгүй газар дээрээс хэрхэн мөнгө босгон   гадны банкуудаас зээл авч ирээдүйд олох орлогоосоо  алдагдлаа нөхөхөөр зүтгэж буй Монголын компаниудыг цавчиж унагах цахилгаан төлөвлөгөөг элгэндээ тэвэрч яваагаа ойлгох  ч ёстой өдий байна даа.  Улсын нэгдсэн төсвийг өчнөөн алдагдалтай батлах үед Сангийн сайд чинь  төсвийн  цоорхойгоо уул уурхайгаас олох урьдчилгаа төлбөр болон импортоор орж ирэх техник технологийн НӨАТ-аар нөхнө хэмээн амласныг мань эр ер нь сонсоо болов уу.  Сонссон бол ингэж   согтуу хүн шиг аашилмааргүй юм.

Уул уурхайн салбарт хүч сорьж байгаа компаниудын хувьд  хайгуул хийнэ  гэдэг  олборлолтоосоо илүүтэй хамгийн их эрсдэл дагуулдаг.  Тэрбумаар тоологдох хэм­жээний мөнгө зарчихаад олигтой нөөц байхгүй бол уучлаарай л болно. Үүнийг нь ч хөрөнгө оруулагчид  ойлгож хүндэтгэдэг. Тиймээс хайгуулд зориулж мөнгө өгдөг нь ховорхон. Эрсдэл даах чадвартай нь аз сорьдог гэвэл хилсдэхгүй. Тэд бас тэнэг биш учраас хөрөнгө оруулахдаа бизнесийн таатай орчинг  их хэмжээний нөөцөөсөө илүүд үздэг.

Манай улсын хөгжлийг тодорхойлох салбар нь уул уурхай гэдгээ зарлачихаад гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж Засгийн газар нь тунхаглачихсан атлаа  хувийн компаниудынхаа лицензийг хураагаад авчихаж байгааг дэлхий нийт юу гэж ойлгох бол.  Алтны үнэ тэнгэрт хадах үед гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээч хөгийн юмыг гаргаж ирээд юу боллоо. Алтны компаниудаа дампууруулж, хэдэн мянган хүнийг ажилгүй болгосон  дээрээс нь Монголбанкинд жилд тушаадаг байсан 20 тонн алт 1.5 тонн болтлоо буурч хөгөө чирсэнээ ойлгоод ирэх оноос энэ хуулиа цуцлаж байгаа. Гэхдээ бас бизнес эрхлэгчдийг яаж зүгээр орхих вэ гэсэн шиг оронд нь зэсийнхэнд  роялтын татварыг 15-20 хувиар тогтоож, алтныхны лицензийг хураагаад авчихлаа. Бизнес эрхлэж байсан эдийн засагч Ерөнхий сайдтай,  Австралийн их сургууль, Японы Киюшюгийн   их сургууль төгссөн Эрдэс баялгийн сайдтай Засгийн газарт энэ бол арай л балмад ажиллагаа баймаар.   Одоо тэгээд 15-20 хувийн роялтын татвартай байж зэсийн үйлдвэр хэрхэн барих нь сонин байна. Бас Оюутолгойгоос  энэ татварыг авч чадахгүй  гэдэгтэй мөрийцөөд ч яахав. Тэртээ тэргүй тогтвортой байдлын гэрээтэй юм чинь  гээд “Айвенхоу майнз” маадгар суугаа.  Ийм байж манай уул уурхайд хөрөнгө оруулаач ээ гэж дэлхийгээр нэг сурталчилахын хэрэг байна уу.  Монголын Засгийн газар уул уурхайгаа дэмжих нь бүү хэл лицензийг нь хурааж аваад дахиад бүр олныг хураана шүү хэмээн заналхийлж байгаа энэ үед манайх руу хөрөнгө оруулах хөлдүү толгой ертөнцөөс олдоно гэдэгт би лав итгэхгүй.  Гоёхон зангиатай,  шинэхэн костюмтай,  лайтай англи хэлтэй  Д.Зоригт сайдыг  маань уул уурхай яриад яваад очихоор нь “Ноён Зоригт танайх хувийн компаниудаа нийгэмчилж байгаа гэж үнэн үү.  Та одоо дахиад ямар ямар компанийн эрхийг хураахаар зэхэж байгаа вэ.  Уг нь бид мөнгөө танд биш танай хувийн компаниудад өгөх сонирхолтой байгаа юм, баярлалаа” гэвэл  яана аа.  Сайд юу гэж хариулах бол.  “Хөрөнгө оруулалтаа надад өгчих” гэлтэй биш. “Эргэж очоод  надтай  аятайхан харьцсан компаниудын эрхийг сэргээхээ  амлаж байна” тэнэгтэж бүр болохгүй.  Эсвэл  “Бүгдийг нь хурааж үнэгүйдүүлж байгаад хэдэн жилийн өмнө С.Баярын хийсэн шиг “Энержи ресурс”- т  хамаад өгчихнө” гэвэл баларлаа. Би биш үндэсний компаниуд баларлаа л гэсэн үг.  Тухайн үед С.Баярын барбарос төлөвлөгөөгөөр “Энержи ресурс”-ын   лицензийг хураах сургаар тэнд багтаж байсан нэлээд хэдэн компани өөрийн хувиа хямдхан зараад замаа хөөсөн.  Харин дараа нь бусдынхаа хувийг авсан хэд нь Тавантолгойн хамгийн их нөөцтэй  “Ухаа худаг” гээчийг С.Баяртай тохиролцон байж авсан түүх мартагдах болоогүй л байна. Одоо ч тийм ажиллагаа давтагдахгүй гэх баталгаа алга.  

Засгийн газар ингэж  алтны лицензтэй дайн зарлах болсоноо   гоё үгээр тайлбарлах нь дамжиггүй. Үнэхээр ч тэд сайхан нэртэй хууль баталсан юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу байгаль эх орноо бодож  уул, ус,  ойгоо хамгаалах нэрийдлээр 254 компанийн лицензийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үнэн. Ард түмэнд тайлбарлахад энэ дэндүү эх оронч сонсогдоно. Гэвч цаанаа бизнес эрхлэгчдийг боомилж, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг хааж байгаа юм. Юун нөгөө сая 500 мянга, юун 21 мянга. Юун оюутнуудыг тэтгэлэгтэй болгох.  Бүгд худлаа. Учир нь уул уурхайгаас орж ирдэг мөнгөөр л энэ бүхнийг өгөх гэж байсан. Хэрвээ нэг л өглөө “Улаанбаатар хотод хэтэрхий их байшин барилга барьж байгаагаас болоод хотын даац хэтэрлээ. Тиймээс өмнө нь хувьчлагдсан байрнуудын лицензийг хурааж аваад нураана”гэсэн тогтоол  Засгийн газраас гарвал бүү гайхаарай. Өнөөх алтны шороон ордын лицензийг хураасантай яг адилхан үйлдэл шүү. Дөнгөж  ардчилсан хувьсгал ялсны дараа байрыг иргэдэд хувьчилсан шийдвэрийг нэг л өдөр хүчингүй болгоод хурааж эхэлвэл хүмүүс дуртай байх уу. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх компани олдох уу.    Хэрвээ манай улс нэгэнт л газрын баялгаа ухаж  хөгжилд хүрч ард түмнийхээ амьдралыг өөд нь татахаар   шийдсэн бол  лицензийг нь хураах биш  хайгуул, олборлолт хийсэн газар дээрээ  байгалийн нөхөн сэргээлтээ сайтар хийхийг хөшүүрэгдсэн  хууль гаргасан  бол ийм нугалаа болохгүй байсан юм. Харин одоо бол Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ түрэмгийлэл юунд хүргэж ямар гарз хохирол дагуулах нь улам бүр тодорхой болно. Тэр цагт бизнес эрхлэгчид гашуудаж, харин  Уга Чавесууд баярлах байх даа.  

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж