“Ньюкастл”-ын Хьютон ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Ньюкастл”-ын Хьютон ажлаасаа халагдав

Английн Премьер лигийн “Ньюкастл Юнайтед” клубын удирдлага дасгалжуулагч Крис Хьютонг ажлаас нь чөлөөллөө. Энэ нь Премьер лигийн багуудын хувьд энэ улирлын анхны тохиолдол болж байна.

Өдгөө 51 настай Хьютон “Ньюкастл”-д ирсэн анхны жилдээ Championship-т түрүүлж, улмаар Премьер лигт дахин өрсөлдөх боломж олгосон юм. Одоогоор тэд Премьер лигийн хүснэгтийн 12 дугаар эгнээг эзэлж байна. 

Сүүлийн тойргийн тоглолтуудад “Алаг шаазгайнууд” гайхалтай үр дүн үзүүлж, “Арсенал”-ыг талбайд нь 1:0-ээр буулган авч, “Сандерлэнд”-ийг 5:1 харьцаатай бут ниргэсэн билээ. Харамсалтай нь өнгөрөгч ням гаригт тэд “Уэст Бромвич Албион”-д 3:1-ээр ялагдсанаар таван тоглолтод нэг ч ялалт аваагүй. Гэхдээ энэ үеэр тэд “Челси”-тэй талбайд нь 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулсан билээ.

Дасгалжуулагчаа халсан шийдвэрийнхээ талаар “Ньюкастл” клубын захирлуудын зөвлөлөөс хийсэн мэдэгдэлд “Клубыг цаашид амжилтад хөтлөх илүү туршлагатай нэгэн хэрэгтэй” гэсэн байна.

Хьютонгийн хувьд “Ньюкастл”-ын зургаан жилийн доторх найм дахь дасгалжуулагч бөгөөд өмнө нь дасгалжуулагчаар ажиллаж байгаагүй, туршлага нимгэнтэй нэгэн ажээ. Гэсэн хэдий ч багийн хөгжөөн дэмжигчдийн таалалд нийцэж, багийнхаа амжилтыг ч ахиулсан юм. Зөөлөн зан авиртай гэгддэг Хьютон аравдугаар сараас эхлэн туслах дасгалжуулагчгүй ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээллээр түүнийг ажлаасаа халагдах гэж буй тухай цуу яриа хэдийнэ гараад байлаа.

“Ньюкастл Юнайтед” клубын удирдлага шинэ дасгалжуулагчийг олох хүртлээ экс-тоглогч Петер Бердслейг түр хугацаанд дасгалжуулагчаар ажиллуулах болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж