Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймгийн хуулийн байгууллага, сумдын ЗДТГ-ын төлөөлөгчдийг хамруулсан “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжрулах нь” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Хурлаар сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймагт архидан согтуурлын улмаас үйлдэгдэж буй гэмт хэргийн байдалд үнэлэлт дүгнэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцсэн юм.

Өвөрхангай аймгийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гарч байгаа хэргийн түвшин улсын дунджаас өндөр байгаа аж. 2009 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 20 орчим хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн бол манай аймагт 34.4 хувь хүрчээ. Сүүлийн 3 жилд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг авч үзэхэд 2007 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 190 гарч, нийт гэмт хэргийн 30.2 хувийг, 2008 онд 125 гарч нийт гэмт хэргийн 33.3  хувийг, 2009 онд 133 гарч нийт гэмт хэргийн  37.4 хувийг, 2010 оны эхний 10 сарын байдлаар 149 удаа гарч,  нийт гэмт хэргийн 42.3 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзлэж байгаа нийт гэмт хэрэгт эзлэх хувь жил дараалан өссөн үзүүлэлттэй байгаа нь зохих албаны хүмүүсийн анхаарлыг татахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Сумдын тоогоор авч үзвэл хүн ам төвлөрсөн суурин газруудад уг хэрэг харьцангүй ихээр гарсан буюу 2010 оны 10 сарын байдлаар Арвайхээр суманд 46, Хархорин суманд 21,  Уянга суманд 25, Бат-Өлзий суманд 18 удаа гарсан нь нийт сумдад гарсан хэргийн 73.8 хувийг эзлэж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоо 2008 онд 329 байсан бол эдүгээ 400 хүрч, архины 5 үйлдвэр үйл ажилагаа явуулж байна.

Энэ байдалтай хэрхэн тэмцэх талаар онол практикийн бага хуралд оролцогсод өөрсдийн саналаа хэлж, уриалга гаргалаа. Мөн архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр сум бүрт туг аялуулахаар болж, байгууллага, иргэдийг татан оролцуулах шийдвэр гаргалаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж