Google-ийн хоёр дахь смартфон

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Google-ийн хоёр дахь смартфон

“Google” компани даваа гаригт Android үйлдлийн системийн хамгийн сүүлийн, шинэ хувилбартай цоо шинэ, хээнцэр смартфоноо албан ёсоор танилцууллаа. Nexus S нэртэй уг смартфоныг бүтээх ажилд Google компани Samsung Electronics-той хамтран ажилласан бөгөөд Android 2.3 үйлдлийн системтэй юм. Android-ын шинэ хувилбарын давуу тал нь смартфоноо зөвхөн гар утас төдийгүй мөн кредит карт болгон ашиглах боломж олгож байгаа ажээ.

Nexus S нь дугуйрсан ирмэг бүхий 4,0 инчийн дэлгэцтэй, тус дэлгэц нь нарын шууд тусгал болон ямар ч гэрэлтэй нөхцөлд гялбахгүй, түүнчлэн нимгэн шилтэй учир хөнгөн гэнэ.

Best Buy сүлжээ энэ сарын 16-наас эхлэн T-Mobile-ын хоёр жилийн гэрээтэйгээр АНУ дахь салбар дэлгүүрүүдээрээ 199 ам.доллараар худалдаалах юм байна. Nexus S смартфоны unlocked хувилбар мөн худалдаалагдах бөгөөд ингэснээр AT&T-гийн хэрэглэгчид болон дэлхийн өнцөг буланд байгаа хэрэглэгчид өөрийн сүлжээндээ ашиглах боломжтой юм. Харин unlocked хувилбарын үнэ одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Google-ийн анхны смартфон болох Nexus One 529 ам.доллараар худалдаалагдаж байсан юм.

Nexus S смартфоны үзүүлэлтийн тухайд сүүлийн үеийн смартфонуудад байдаг бүхий л зүйлсийг багтаажээ. Хурдан ажиллагаатай процессор, хоёр камер. Арын камер нь 5,0 мегапиксель харин урд талынх нь видео дуудлаганд зориулагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж