10 мянгын төлөөх тэмцэл

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

10 мянгын төлөөх тэмцэл

“Хөөе чи битгий дугаар дайраад бай” хэмээн урт дараалал үүсгэсэн иргэдийн дундаас хоолой мэдэн хашхирна. Удалгүй хоёр цагдаа гарч ирэн хүмүүсийг зандарч дараалалд байгаагүй нэгнийг хөөж явуулах аж. Энэ бол Улсын бүртгэлийн гадаах  дүр зураг. Хасах -15-20 хэмийн хүйтэнд гадаа олон цаг зогсох нь байтугай тэднийг ажиглаад хэдхэн минут тэрүүгээр алхахад л хүйтэн жавар хацар хайрч, тэсхүеэ бэрх. Гэтэл Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гадаа амнаас нь уур савссан иргэд уртаас урт дараалал үүсгэж доод тал нь 2-3 цаг хүлцэнгүй зогсох аж. Иргэний шинэчилсэн бүртгэл өрнөсөн өнгөрөгч дөрвөн сарын хугацаанд тус төвийг зорих иргэдийн цуваа тасраагүй. Харин бүртгэл улсын хэмжээнд 90 гаруй хувьд хүрээд байхад дахиад л дараалал үүслээ хэмээн бухимдах хүн олон байв. Дараалалд зогсох иргэд дээр очиж ямар лавлагаа авахаар дугаарлаж буйг асуухад “Хүний хөгжил сангаас  олгох 10 мянган төгрөгөө авч чадахгүй болохоор дахиад л очёрлож байна” гэж даарсандаа ээрэн бувтнана.  Бүр “Хөлдөж үхэх гэж байхад чиний асуултанд хариулах манатай”  гэж уцаарлах нэгэн ч таарлаа. Хүний хөгжил сангийн мөнгө олгоход түшиглэн Иргэний шинэчилсэн бүртгэлийг амжилттай явуулж буй ч мөнгөө авч чадахгүй иргэд бухимдахыг буруутгах арга байсангүй. Иргэдийн зарим   нэг нь хэвлэлд хандаж үгээ хэлэхийг хүссэн юм.

СХД-ийн нэгдүгээр хорооны иргэн Т.Насанжаргал
-Би 10 сарын эхээр шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан юм. Сарын дараа Хүний хөгжил сангаас олгох мөнгөө авч болно гэсэн. Тэгээд банкин дээрээ очихоор таны нэр идэвхижээгүй байна, халамжийн төв дээрээ оч гэх юм. Халамжийн төвдөө очихоор манайх мэдэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас асуу. Ямар нэг зөрчил гарсан байх гэдэг. Ингээд хүйтэнд арга буюу мөнгөө яагаад орохгүй байгааг лавлахаар дугаарлаж зогсоно. 12.00 цагт ирсэн ч одоо болтол /15.20 цагийн орчимд/ орж чадаагүй л байна. Хүмүүсийг харж байхад 2-3 цаг дугаарлаж байж орж байх шиг харагдлаа. Уг нь нэг л орчихвол хурдан лавлаад өгчихдөг бололтой юм.  Даан ч олон хүнийхээ тоогоор барагдахгүй л байна.

СБД-ийн зургадугаар хорооны иргэн Б.Даваабаатар:  
-Ах нь есдүгээр сард л хурууны хээгээ өгсөн юм. Гэтэл миний мэдээлэл банкин дээр ирдэггүй ээ. Цөөхөн ч гэсэн улсаас өгч байгаа хэдэн төгрөгийг нь авчихмаар байдаг. Бүртгэлд хамрагдсан болохоор зөрчилгүй болсон гэж бодоод байтал үгүй бололтой. Энэ байгууллагын ажилтнууд хайнга хандсанаас үг үсэг, цэг таслал мэтийн алдаа гардаг юм шиг байна. Тэр нь бид нарт ингэж чирэгдэл учруулж байгааг харж байгаа биз дээ.

ЧД-ийн иргэн Д.Дуламсүрэн
-Бид гэр бүлээрээ аравдугаар сарын эхээр хурууны хээгээ оруулсан. Миний  нэр банкиндаа байршаад бусад  харин дөрвөн хүүхдийн маань нэр ороогүй байна гэсэн. Хүүхдүүд бүгдээрээ ажил, хичээлтэй болохоор зөрчлийг нь арилгуулах гээд зогсож байгаа санаатай. Ер нь энд хэдэн төгрөг нь өнөө маргаашгүй хэрэг болчихсон хүмүүс л аргаа барахдаа  ингэж өвлийн хүйтэнд гадаа зогсож  байна шүү дээ. Үнэндээ ард түмний амьдрал ядуу байгааг  харуулж буй хэрэг.

СХД-ийн иргэн Баясгалан
-Нэг зүйлийг хэлэхэд энэ байгууллагын лавлагаа өгдөг 1890 утас руу залгахаар ерөөсөө холбогдож чадахгүй юм. Заавал ингэж дугаарлаж байхаар утсаар нь асуувал амар шүү дээ. Гэтэл зурагтаар рекламдаад байдаг нөгөө утас нь ажиллахгүй болохоор ямар хэрэг байх вэ гэв.

Банкнаас мөнгө авах эрх үүссэн эсэхийг лавлахаар зогсож буй  иргэдтэй уулзсаны дараа дотогш орвол хоёр өөр газарт нийт найман ажилтан утсаар мэдээлэл өгөхөөс гадна гадаа дугаарлаж буй хүмүүсийн мэдээллийг давхар шалгах аж. Иргэдийн огт ажиллахгүй байна гээд байсан 1890 утсаар лавлагаа өгч байв. “Олон хүн нэгэн зэрэг  залгаж байгаа болохоор ачаалал үүсч зарим иргэд холбогдож чадахгүй байх тохиолдол бий” гэх  тайлбарыг мэргэжилтнүүд нь хэлэв. Гадаа 2-3 цаг дугаарласан иргэд 5-10 минутын дотор ямар зөрчилтэй байсан, хэзээ нэр нь банкинд байрших талаар мэдээллээ авч гарч байсан юм. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл зөрчилтэй байгаа шалтгааныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Нямцэцэгтэй уулзлаа.

-Дугаарлаж зогсох иргэд олон дахин чирэгдэл болж байна  хэмээн бухимдаж байна л даа. Тэдний нэрс ямар шалтгааны улмаас банкинд очихгүй байгаа юм бэ?
-Өнгөрөгч арваннэгдүгээр сараас манай төвийн архивын ачаалал багассан ч Хүний хөгжил сангийн мөнгө ороогүй байна гэх иргэдийн дараалалд дарагдаад  байна. Уг нь журмаараа бүртгэлд хамрагдсанаас хойш сарын дараа нэр нь банкинд байрших ёстой ч  нэг иргэний 10 гаруй мэдээлэл орж байгаагаас овог нэрний үсэг, регистрийн дугаар  зөрөх тохиолдол гарч байна. Үүнээс болж хугацаандаа нэр нь банкинд очихгүй иргэд бухимдаж, дараалал үүсгэж байгаа талтай. Уг нь бид 1890 утсаар лавлагаа өгөх болон веб сайтад регистрийн дугаар, бар кодоо хийж нэрээ байршсан эсэхээ мэдэх боломж олгосон.

-Халамжийн төвүүд дээр энэ мэдээллийг өгч болдоггүй юм уу?
– Бид өнгөрсөн жилээс 21 аймаг, есөн дүүргийг нэгдсэн сүлжээнд холбосон. Харин сум, хороодыг хараахан холбож амжаагүй байгаа. Тиймээс хороо, сумдаас ирсэн мэдээллийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэж байгаа юм.

-Иргэд танай ажилтнуудыг хайнга хандсанаас чирэгдэл үүслээ гэж байна. Үнэхээр ажилтнууд нь  хүний овог нэрний үсэг, регистрийн дугаарыг зөрүүлээд бичдэг юм уу?
-Тэгэж ойлгож болохгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар 70 жилийн түүхтэй ч анхан шатны буюу сум хороонд нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байснаас зарим нэг үг үсгийг алдаатай бичих, андуурч бичсэн зөрчил одоо илэрч байгаа зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэд өөрсдөө бичиг баримтандаа хайнга ханддаг нь зөрчилд нөлөөлж байгаа. Одоо бол хүний овог нэрийг буруу бичнэ гэж байхгүй гэв.

Тус төв өдөрт 5000 орчим хүнд мэдээлэл өгч байгаагийн 85-90 хувийг банкинд нэрээ  хэзээ очихыг лавлах гэсэн иргэд эзэлж байгаа аж. Овог нэрний үсэг, цэг таслал, регистрийн дугаарын сүүлийн тоо зөрсөн гэх зөрчилтэй 200 орчим мянган хүн байгаа гэх урьдчилсан тооцоо гарчээ. Тэгэхээр он дуустал 10 000 төгрөгөө авахын төлөө 2-3 цаг өвлийн хүйтэнд дугаарлах иргэдийн цуваа тасрахгүй нь бололтой. Төрийн сэнтийд заларч хувь хишиг нэрээр тараасан хэдэн халтар төгрөгийг горьдож дүн өвлийн хүйтэнд бээрч зогсоно ард түмэн тань.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж