Соёлын үнэт өвийг үгүй хийх мастер төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Соёлын үнэт өвийг үгүй хийх мастер төлөвлөгөө

Цогтын хадны бичиг гэж байдаг юм уу,  хаана байсан юм бэ гэж хойч үе биднээс асуух өдөр ирэх вий гэж эмээх юм.  Учир нь Цогтын ордны балгасыг зөөгөөд бараг дуусч байна. Монголчууд бид Чингис хаанаараа өргөн уудам, тансаг сайхан нутагаараа дэлхийд гоёдог байсан цаг саяхан бүр өчигдөрхөн мэт санагдаж байх юм. Гэтэл одоо хаа сайгүй ухсан нүх, сэндиййлсэн толгод, уул хад  биднийх биш бусдын газар нутагт адьдарч байгаа араатан шиг аашилах гадныхан,  түүх соёлоо ч умартан зүтгэх бор амьдарлтнуудын үйлдэлд аль хэдийн дасчээ. Соёлын өвийн 2008 оны судалгаагаар монгол улсын нийт нутаг дэвсгэрт  1000 гаруй чулуун зэвсгийн дурсгалт газар, 600 орчим хүн чулуун хөшөө, 700 орчим буган хөшөө, 300 орчим эртний хот суурины үлдэгдэл, 200 хадны зураг, 200 гаруй гэрэлт хөшөө, 941сүм хийдийн суурин бүртгэгдсэн байдаг аж. 

Судалгаанаас үзэхэд Өвөрхангайн Уянга,  Хар хорин, Архангайн Хотонт, Хашаат мөн Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт эртний булш ухдаг хүмүүс илүү их байдаг гэж тэмдэглэсэн ажээ. Мөн зам, гүүр, станц  болон ашигт малтмал олборлох чиглэлээр уул уурхайн компаниуд архилогийн дурсгалуудыг сүйтгэж байна.  Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын зааг “Далан түрүү” рашаан сувиллын орчим БНХАУ-ын  “ Жинхуа орд” ХХК төмрийн хүдэр олборлож байгаа бөгөөд 2008 оны тавдугаар сарын байдлаар тус компаны ашиглалтын талбайд 23 булш, тахилын байгууламж илэрчээ. Хүннү булш уурхайн овоолсон шорооны дэргэд 50-60 метрийн зайд байгаа ба энэ төрлийн булш ихэвчлэн хосоороо, түүнээс ч олон тоотой тохиолддог бөгөөд бусад булш нь устаж үгүй болсон байна.  Түүхийн дурсгал хүний болон байгууллага аж ахуй нэгжийн санаатай болон санамсаргүй үйлдлийн буруутай үйлдлээс олон дурсгалууд үгүйрэн устаж байгаагийн ердөө ганцхан жишээ нь энэ.

Гэтэл хариуцсан байгууллагууд нь энэ талаар юу хийж байгаа нь үнэндээ бүрхэг төдийгүй харин ч эсэргээрээ хандаад байгаа байдал ажиглагддаг нь хачирхалтай. Нааштай гэмээр ганцхан мэдээлэл нь хятадын хөрөнгө оруулалттай “Их мянганы үүд” компанийн үйл ажиллагааг зогсоосон гэх баталгаагүй баримт. Харамсалтай нь энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон ч нөхөн сэргээлтийг хийлгэж чадсангүй. Тиймээс мөнөөх дурсгалт зүйлс бас л хараа хяналтгүй устсан гэхэд болно. Энэ мэтчилэн түүхийн улбаатай археологийн нэн ховор олдворуудаа харийханд зөөж, өөрсдөө сүйтгэсээр байна. Хуулийн заалтаа нягтлан биелүүлж алдааг бусдаас биш өөрсдөөсөө хайх цаг болсон болохоор бид түүх соёлын үнэт өвөө харийханд алдаж дуусхаасаа өмнө хэн хэндээ сануулах цаг нэгэнт болжээ.  Түүхийн дурсгал юунаас болж устан үгүй болж байгааг судлахад түүхийн үл хөдлөх дурсгал нь байгаль дээр ил задгай оршиж байдаг учраас байгалийн нөлөөгөөр их, бага хэмжээний эвдрэлийг авдаг байна. Мөн хувь хүний санаатай болон санамсаргүйгээр үйлдсэн, байгалийн олборлолтын компаниудын буруутай үйл ажилгаанаас болж устан үгүй болдог байна. Эдгээрээс хамгийн хор хөнөөлтэй нь хувь хүмүүсийн шунахай сэдэлтэйгээр эртний булш, бунханг тонож сүйтгэж байгаа юм. Уул  уурхай болон алт олборлох нэрийн дор  түүх дурсгалын улбаатай олдворуудыг гадагш хил давуулан наймаалцах нь хэрээс хэтэрсэн хэрэг болоод байхад эдгээр хүмүүстэй тэмцэх нь  байгаль хамгаалагчид дан ганцаар тэмцэх ажил биш болжээ. Үнэн хэрэгтээ алт олборлох нэрээр далдлан Монголын түүхийн ховор дурсгалуудыг хил дамнуулан зардаг нь сүлжээ болсон нь илхэн харагдаж байхад ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж мэргэжилтүүд ярьж байна. Гэтэл үнэн хэрэгтээ хууль үйлчилдэггүй хэдэн мөнгөтэй хужаа нарын хийж байгаа ажил биш юмаа тэдний гар хөл болсон монгол иргэд өөрсдөө хэн нэгэн эрх мэдэлтний тушаалын дагуу зөөвөрлөн наймаалцдаг байх юм. Ухаж тонодог хүн байхад олсон зүйлээ зарж дамладаг хүн байдаг гэнэ. Багадаа хоёроос доош хүний гар дамжиж байна гэдэг нь энэ нь сүлжээний бизнес болон өргөжиж байгааг харуулж байна.

Уул уурхай компаниудын устгасан түүхийн баримтаас дурьдвал:

-Өвөрхангай Уянга сум Өөлтийн амны алтны уурхайн олборлолтын талбайгаас хэд хэдэн эртний “хүний яс” гарсан боловч бульдозераар тэгшилж ул мөр нотлох баримтгүй болгосон

 -Булган аймаг Дашинчилэн сумын Чин толгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газар тэсэлгээ хийж ухан хот суурингийн ул мөр бүхий дурсгалыг сүйтгэсэн.

 -Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын зааг “Далан түрүү” рашаан сувиллын орчим БНХАУ-ын  “ Жинхуа орд” ХХК төмрийн хүдэр олборлож байгаа бөгөөд 2008 оны тавдугаар сарын байдлаар тус компанийн ашиглалтын талбайд 23 булш, тахилын байгууламж илэрчээ. Хүннү булш уурхайн овоолсон шорооны дэргэд 50-60 метрийн зайд байгаа ба энэ төрлийг булш ихэвчлэн хосоороо, түүнээс ч олон тоотой тохиолддог бөгөөд бусад булш нь устаж үгүй болсон байна.

-Төв аймгийн Заамар сумын нутаг Алтандорнод Монгол компаны хажуугийн уурхайн талбайн гадна олон булш бий. Түүнийг хамгаалж уурхайнхан шороон далан байгуулсан гэсэн боловч техник хэрэгслийнх нь хөлд дурсгалууд сүйдсэн байдал харагдаж байна. 

Хувь хүмүүсийн устгасан түүхийн баримт:

-Хувь хүмүүс эвдэн сүйтгэсэн нь Булган аймаг Дашинчилэн сумын нутаг дахь алдарт Цогт хун тайжийн Цагаан байшингийн тоосгыг зөөж барилгад ашигладаг.
 
Ховд аймаг Үенч сумын Ямаан усны зурагт хадны зарим хэсгийг нураан малын хороо барьсан.  Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхар

чулуун  дээр элдэв янзын зүйлс бичсэн.  Баян-Өлгий аймгийн нутаг дахь Пазырыкийн үеийн булшыг нутгийн иргэд хашаа хороо барихдаа авч ашигласан байдал.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж