Жендэрийн мэдрэмжийн талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Жендэрийн мэдрэмжийн талаар ярилцана

“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр НЗДТГ-ын “Хангарьд” өргөөний 14 давхрын А танхимд 10.00 – 13:00 цагийн хооронд болно. Уулзалтыг Монгол Улсын засгийн газрын Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо,  IRIM судалгааны хүрээлэн хамтран зохиож байгаа аж. Зөвлөлдөх уулзалтад телевиз, сонин, сэтгүүл, fm радио, портал сайт гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс төлөөлөл оролцоно. Энэхүү боловсрогдон гарах “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-ийн дагуу цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг жендэрийн мэдрэмжтэй байдлыг хэмжих, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ил болон далд сурталчилгааг таслан зогсоох, сайн туршлагыг сурталчлах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа ажээ.

 Дашрамд дуулгахад, манай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах тухай заалт бараг байдаггүй аж. Судалгааны дүнгээс үзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эрэгтэй, эмэгтэй хүйсийг тоон утгаараа тэнцвэргүй буюу нийт мэдээллийн 80 хувьд нь эрэгтэй хүйсийн хүнтэй холбоотой мэдээ байдаг гэнэ.  Энэ нь эмэгтэй хүнийг нийгмийн амьдралыг бүтээгч дүр төрхөөр бус өдөр тутмын амьдралын нэг хэсэг, гүйцэтгэгч, хэрэглэгдэхүүн байдлаар дүрслэн харуулж, эмэгтэйчүүдийн дүрийг бүрхэгдүүлж, үл үзэгдэгч шинжтэй болгож байна. Нөгөө талаас энэ нь эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, нийгмийн баялгаас тэгш хүртэх, удирдагч манлайлагч байх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд сонгогдох зэрэг хүний суурь эрхүүдэд сөргөөр нөлөөлж байна. Иймд хүний эрх, жендэрийн шударга ёсыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийн тулд уг уулзалтыг зохион байгуулж байгаа аж.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж