Онгорхой худгуудыг тагтай болгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Онгорхой худгуудыг тагтай болгоно

Сүүлийн өдрүүдэд төвийн сонин хэвлэлүүдээр таггүй траншейний нүхэнд хүн унаж гэмтэн, амь насаа хүртэл алдаж байгаа мэдээлэл гарсаар байгаа. Өнөөдөр хуралдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шуурхай зөвлөлгөөн дээр хотын дарга аль байгууллагын мэдэлд хэдэн худаг байдаг, түүний эзэмшил хэр байгаа, ямар арга хэмжээ авч байгаа талаар мэргэжлийн байгууллагын удирдлагуудаас тайлбар сонслоо. Улаанбаатар хотын хэмжээнд 50 мянга орчим худаг /бидний нэрлэж заншсанаар траншей/, нээлхий байдгийн 30 орчим хувь нь ус, дулаан гээд мэргэжлийн байгууллагуудын, дийлэнх нь буюу 70 орчим хувь нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харъяанд байдаг аж. Эрчим хүчний тухай хуулинд зааснаар бол мэргэжлийн байгууллагуудтай гэрээ хийж үйлчилгээ авч буй хэрэглэгч нар тухайн эзэмшлийнхээ худаг, нээлхийний бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцах ёстой байдаг.

Холбогдох албаныхан хотын даргад энэ долоо хоногт багтаан онгорхой худгийг тагтай болгох амлалт авлаа. Тухайлбал, Дулааны шугам сүлжээний газрын харъяанд байдаг худгууд нь ихэвчлэн автозам дагуу байрладаг агаад таггүй байгаа 80 гаруй худгыг тагтай болгох аж. ОСНААУГ-ынхны  мэдлийн 20 гаруй таггүй худгийг мөн л энэ долоо хоногт шийдэх гэнэ. Халаалтын зуухны ашиглалтын газрын мэдэлд 47 худаг байдгаас бүгд тагтай, эрчим хүчнийхний мэдэлд худаг байдаггүй гэнэ. Хотын даргын асуултад хариулсан мэргэжлийн байгууллагуунхны тайлбараас үзэхэд, гадаа хүйтэрсний улмаас тэнэмэл, орон гэргүй иргэд траншейнд хоноглох нь ихэсч тагыг нь онгорхой орхих, хаягдал төмөр авдаг газруудад тушаах зэргээр ийм байдал үүсгэдэг байна. Харин Ус сувгийн удирдах газрынхан энэ байдлыг таслан зогсоох үүднээс хүндрүүлэгчтэй ширмэн тагийг урд хөршид захиалан оруулж ирэн ширмэн болон ган тагийг ийм хүндрүүлэгчтэй тагаар сольж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж