Цацруулагч уутыг бэлэглэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Цацруулагч уутыг бэлэглэж эхэллээ

“Хүүхэд өсвөр үеийг ивээх төв”, Замын цагдаагийн газраас санаачлан Монголын мянганы сорилтын сантай хамтарч бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анхаар би” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн нээлт энэ сарын 3-ны өдөр нийслэлийн Ата Туркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 1143 сурагчид цацруулагчтай уутыг бэлэглэснээр эхэлжээ. Уг уутыг Авто замын ойролцоо байрладаг нийслэлийн гурав, тав, 34, 76, Төв аймгийн Баянчандмань сумын бага ангийн сурагчдад бэлэглэх гэнэ.

Тавдугаар сургуулийн захирал Ж.Баастаас энэ талаар тодруулахад “Манай сургуулийн баруун зүүн хоёр талд, мөн урдуураа төв замтай. Үндсэндээ гурван замын дунд байрладаг. Манай сургуулийн 1-5 ангийн 1143 хүүхдэд цацруулагч уут өгч байгаад баяртай байна. Ялангуяа байрнуудын дундах гэрэлтүүлэг муутай замаар явдаг хүүхдүүдэд их хэрэгтэй” гэв.  Тус сургуульд Замын цагдаагийн газрын дарга, Нийслэлийн боловсролын газрын даргын хамтарсан тушаал гарсантай холбоотойгоор бүх ангиудадаа замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг зааж байгаа аж.

Хүүхэд өсвөр үеийг ивээх төвийн тэргүүн О.Хулангаас дээрх уутыг хэрэглэснээр ямар үр дүнд хүрэх талаар лавлахад “Гадны бусад орнуудад бага насны хүүхдүүдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс цацруулагтай хантааз, цүнх, малгай, цүнхэнд зүүдэг тэмдэг зэргийг хэрэглэдэг. Энэ нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход ихээхэн тустай нь олон орны туршлагаас харагдаж байна. Харанхуйд гэрэлтдэг болохоор шөнө оройн цагаар гардаг зам тээврийн осол тодорхой хэмжээгээр багасана. Тиймээс эхний ээлжинд бага ангийн сурагчдад цацруулагчтай уутыг байнга хэрэглэж, хэвшүүлэхийг зорьж байна. Уутыг угааж, арчлахад хялбар, амархан урагдаж, сэмрэхгүй материалаар хийсэн” гэв.

Дашрамд дурьдахад, он гарсаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 560 гарч, есөн хүүхэд амиа алдаж, 575 хүүхэд гэмтэж бэртжээ. Осолд өртсөн хүүхдүүдийг хүйсээр нь авч үзвэл 284 буюу 48,4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Мөн шалтгаан нөхцөлийн хувьд явган зорчигчийн буруутай үйлдлээс 432 буюу 74,7 хувь нь, жолоочийн буруугаас 24,7 хувь, эцэг эх, асран хамгаалагчийн буруугаас 2,0 хувь нь осол гарсан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж